Олон нийтийн сүлжээнд ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай хэмээн ярьж байна. Энэ асуудалд болон Хамтарсан Засгийн газрын асуудалд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрээр "Ерөнхий сайд ажлаа хийж байна. Миний хувьд дэвшүүлсэн Засгийн газрын хөтөлбөрөө бариад ажиллаж байна. Өчигдөр намынхаа бага хуралд суусан. Бага хурлаас улс төрийн шийдвэр гарсан. ЗГХЭГ-ын даргын хувиар, Л.Оюун-Эрдэнийн танхимын гал тогоог хариуцаж буй сайдын хувиар болоод буй үйл явц дээр ямар нэг хувь хүний байр суурь, дүгнэлт хийх нь ёс зүйгүй.
Бид нэг л кабинет. Бид тогтвортойгоор кабинетын ажлаа хийж байна. МАН-ын бага хурал дээр бол гишүүд асуудлаа тавиад олонхын зарчмаар шийдвэрлэсэн. Энэ улс төрийн шийдвэрийг намын гишүүний хувьд дагана" гэлээ.
Ийнхүү тэрээр сэтгүүлчдийн асуусан Та дараагийн Ерөнхий сайд болох уу гэх асуултад тийм ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Харин Л.Оюун-Эрдэнэтэй нэг Засгийн газрын кабинетэд ажилладаг учир байр сууриа илэрхийлэх нь ёс зүйгүй хэмээн үзэж, хариулсангүй.
Сэтгэгдэл үлдээх