П.Батчулуун эмчийг УГТЭ рүү яаралтай шилжүүлжээ

Ц.Чимэдцэеэ
2025-05-23

Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуун 2023 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэдэх Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа зам тээврийн ослоор амиа алдсан эмэгтэйн эрхтнийг ар гэрийнхний зөвшөөрөлгүйгээр авсан гэх хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан.

Улмаар 2025 оны нэгдүгээр сард шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Түүний өмгөөлөгч Б.Баяраа тус хэргийг шийдвэрлэхэд хууль хэрэглээний хувьд анхаарах шаардлагатай, онцгой тохиолдол тул УДШ-д хандсан.

УДШ энэ сарын 2-ны өдөр хуралдаад, хяналтны шатны шүүхэд хэлэлцүүлэхээр болсон. Одоогоор шүүх хурал товлогдоогүй байна.

Тэгвэл П.Батчулуун эмчийн охин Б.Хонгорзул Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн бичсэн "Яг үнэндээ П.Батчулуун эмчээс ч хүнд өвчтэй тэнд хэвтэрт босоод шээж ч чаддагүй зөндөө эмээ өвөө, эмэгтэй эрэгтэй хоригдлууд байгаа шүү дээ. Олигтой эмчилгээ ч байхгүй. Тэдэнд эмнэлэг ч олдохгүй байгаа. Бүгдийг нь сулла" гэх бичвэрт хариу өгчээ.

Б.Хонгорзул,

"Олон өвчин хавсарсан, сүрьеэгээр өвдсөн аав маань зүрхний үйл ажиллагаа алдагдсанаар өнөөдөр түргэнээр III эмнэлэгт хүргэгдчихлээ. Даралт нь огцом хэлбэлзэж, байдал хүндрэхэд ХӨСҮТ-ийн зүгээс УГТЭ-рүү яаралтай шилжүүлсэн байна.

Аав маань зүрхний булчингийн үйл ажиллагаа ердөө 30% буюу зүрхний дутагдалтай гэж оношлогдоод 2 сар илүү хугацаа өнгөрсөн байна. Анх хоригдоод удалгүй эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орж байсан. Өнөөдөр дахиад түргэнээр очлоо. Тийм зүрхтэй хүнээс юу хүлээгээд, юу хүсээд байгаа юм бэ? Ямар хариу сонсвол энэ хүний сэтгэл ханах юм бэ?

Хүлээцтэй, уужуу байж Монгол төр, хуулийн цэх шударгад итгэхийг хичээж тэвчиж байна.

Түргэнээр эмнэлэг рүү хүргэгдснийг сонсоод гэр бүлээрээ яаж айж, сандарч, залбирч байгааг чи мэдэх юм уу. Бид гэр бүлээрээ айдаст автаж, залбирч, найдвар тээн сууж байна. Хуулийн шударга байдалд итгэж, хүлээцтэй байж ирсэн. Гэвч хүний амь нас, эрүүл мэндийн асуудал дээр тоглоом шиг хандаж, бахаа хангаж байгаа мэт хэдэн минутын дараа устгах гэж пост нийтэлж буй нь үнэхээр…

 Хүлээцтэй байна гэдэг тэнэгтээ биш. Хэрвээ аавд ямар нэгэн ноцтой зүйл тохиолдвол би болон манай гэр бүл, бид бүгд эцсээ хүртэл үзнэ шүү!!! Ямар ч хүнд цаг үед бид аавыгаа ганцаар орхихгүй" хэмээн бичсэн байна.

П.Батчулуун эмчийн хэрэг нь манай улсад хууль эрх зүйн орчин бүрдээгүй, цусны донор болон эд, эрхтний донорыг хангалттай ялгаж зааглаагүй, амьгүй донорт төрөөс хангамж, туслалцаа үзүүлэх талаар хуульчлаагүйгээс үүдэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмч нар ажлаа хийхэд хүндрэл учруулж байгааг харуулсан тохиолдол.

Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаанаар Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe