ВАШИНГТОН (AP) - Трампын засгийн газар 2025 оны 5-р сарын 22-нд Харвардын Их Сургуулийг гадаад оюутан элсүүлэхийг хоригложээ. Ийнхүү тус сургуульд суралцаж буй 6,800 орчим гадаад оюутнууд өөр сургууль руу шилжих эсвэл хууль ёсны оршин суух эрхээ алдах эрсдэлтэй болж байна.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэмийн мэдэгдсэнээр, Харвард оюутны хотхоны аюулгүй орчныг бүрдүүлээгүй, еврей оюутнуудыг дарамт шахалт, хүчирхийллээс хамгаалж чадаагүй хэмээн мэдээлсэн юм. Мөн Харвардын их сургуулийг Хятадын Коммунист намтай хамтран ажилладаг гэж буруутгаж, 2024 онд Хятадын хагас цэрэгжүүлсэн бүлгийн гишүүдийг хүлээн авч, сургаж байсан гэж мэдэгджээ.
Харвард нь Массачусетс мужийн Кембриж хотод байрлах оюутны хотхондоо бараг 6,800 гадаад оюутан элсүүлдэг бөгөөд энэ нь нийт оюутны дөрөвний нэгээс илүү хувийг эзэлдэг. Ихэнх нь 100 гаруй орноос ирсэн магистрын оюутнууд байдаг байна.
Харвардын их сургууль энэхүү шийдвэрийг хууль бус, үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэж, гадаад оюутнуудаа дэмжихээ илэрхийлсэн мэдэгдэл гаргасан бөгөөд шүүхэд хандана гэдгээ мэдэгдлээ. Харвардын ерөнхийлөгч Алан Гарбер "Олон улсын оюутнууд бусад оюутнуудаас илүү үймээн самуун, хүчирхийлэл, бусад зүй бус үйлдэлд өртөмтгий" гэсэн засгийн газрын мэдэгдлийг нотлох баримтыг мэдэхгүй байна гэсэн юм.
Харвардын коллежийн оюутнууд Трампын засгийн газар оюутнуудын амьдралаар тоглож байна хэмээн мэдэгдэл гаргажээ.
Мөн Америкийн Боловсролын Зөвлөлийн ерөнхийлөгч Тед Митчелл уг үйл явдлыг "хууль бус, өчүүхэн бодолтой" хэтрүүлсэн үйлдэл гэж нэрлэсэн байна. "Энэ нь Америкт боловсрол эзэмшихээр зорьж буй олон улсын оюутнуудад маш аймшигтай нөлөө үзүүлж байгаад би санаа зовж байна" гэж нэмж хэлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх