Засгийн газар танхимаараа огцрох эсэх нь цаг хугацааны асуудал болоод байна. Энэ өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байсан зарим сайд нар үгээ хэлж байр сууриа илэрхийлж байна. Өчигдөр АН-ын сайд нар ажлаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлж, хийж хэрэгжүүлсэн ажлаа нийтэд мэдээлж байна. Өнөөдөр сангийн төсвийг 5 жил барьсан Монгол Улсын сангийн сайд Болдын Жавхлан дараах мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.
Тэрбээр “Юуны өмнө намайг Ерөнхий сайдын суудалд очно мэтээр бүү хутгаа гэж хүсье ээ. Энэ удаагийн хамтарсан Засгийн газар том төслүүдээ амжилттай эхлүүлж чадсан. 10 сарын хугацаанд үнэхээрийн сайн ажилласан.
Хамтарсан Засгийн газар бол мега хамтрал байлаа гэж би дүгнэж байгаа.
Хүн солигдож болно. Ямар ч тохиолдолд төслүүд үргэлжлэх ёстой. Энд нэг хүний эсвэл Засгийн газрын биш Монгол Улсын төсөл юм. Монголын эдийн засгийн ирээдүйд “бүүст” хийх төслүүдийг бид эрэмбэлж УИХ-аар оруулж, дэмжүүлсэн. Төслүүд гацах учиргүй. Бид өмнөх алдаагаа давтаж болохгүй.
Бид 1.6 жилийн настай олон засгийн газрын нүүр үзсэн. Иймээс 126 гишүүнтэй парламент мега төслүүдээ цааш авч явах ёстой, шаардах хэрэгтэй. Учир нь манай улс эдийн засгийн сорилт дунд байна. Дэлхийн хямрал дунд ганцаараа өсөлт хийх боломжгүй. Энэ бол сорилт гэж би харж байгаа. Давна ч гэж бодож байгаа.
Ардчилсан намын 8 сайд бодсоноос ч илүү сайн ажилласан. Миний тухайд УИХ-ын гишүүнээр ард түмний төлөөллийн ажлаа хийгээд явна” хэмээлээ.
Сэтгэгдэл үлдээх