“Монгол-Турк” сангийн монгол дахь нээлт 5 сарын 22-нд боллоо. Нээлтэд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга С.Зулпхар, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд, сангийн гишүүд, бизнесийн төлөөллүүд оролцсон юм.
Нэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр “Монгол-Турк” сангийн Турк Улс дахь нээлт болсон ба энэ удаад Монгол Улс дахь нээлт нь болж байна.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын эдийн засаг, улс төрийн харилцаа маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк улсад хийсэн төрийн айлчлалаар хоёр орны харилцаа стратегийн түвшинд хүрч дээшилсэн байдаг.
Тус сангийн тэргүүн Вэесэл Чивтчи “Манай сангийн хувьд орхигдоод буй бусад салбарууд буюу боловсрол, бизнес, урлаг соёл, хүмүүнлэгийн салбар руу түлхүү төвлөрч ажиллана. Манай санг анх 20 хүн нийлж байгуулсан бөгөөд өдгөө хоёр орны харилцаанд хувь нэмэр оруулсан шинжлэх ухааны академич, дипломатч, төрийн өндөр албан тушаалтнууд гишүүн болсон байна. Цаашид хоёр орны харилцаанд хувь нэмэр оруулахыг хүссэн бүх хүнд манай гишүүнчлэл нээлттэй гэдгийг хэлмээр байна” хэмээсэн юм.
Бизнес эрхлэгчдийн зүгээс хоёр орны бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, энэ чиглэлд түлхүү анхаараасай гэж хүсэж байгаа илэрхийлж байгаа.
Ташрамд, хоёр улсын харилцан ашигтай бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад манай улсын төрийн тэргүүн онцгой анхаарч байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх