УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцлээ.
Дагаад Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хөндөгдөж байна.
Тухайлбал, энэ оны эдийн засгийн өсөлтийн Засгийн газраас 7.5 хувь хэмээн тооцоолсон байсан ч өнөөдөр энэ хувь хүрэхгүй байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа “Миний авсан мэдээллээр өнөөдөр эдийн засгийн өсөлт 5-6 хувьтай байна гэж ойлгож байгаа. Хөндлөнгийн байгууллагууд болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл(ТТБЗ) буюу хараат бус байгууллага бодитой дүн санал болгож байхад хуулийн дагуу тэр тоо, судалгааг авах ёстой Засгийн газар төсвөө тэлсэн, орон тоогоо нэмсэн, зардлаа нэмсэн асуудалд хэн хариуцлага үүрэх вэ. Энгийн иргэн А нь Б-г залилбал гэм хорыг нь тогтоож, үүссэн хохирлыг нь барагдуулдаг” гэсэн юм.
Мөн ТТБЗ-ийн гишүүн Ж.Дэлгэрсайхан “2025 оны эдийн засгийн өсөлтийг 7.5 хувь байх боломжгүй буюу 5 хувь, 2026 онд 5.4, 2027, 2028 онд 5 орчим хувьтай байна гэсэн таамаглал байгаа. Засгийн газрын тооцооллоос 2 гаруй хувиар доогуур байгаа. Эдийн засагт нөлөөлж болох уул уурхайн салбарын нөхцөл байдлыг харгалзсан. 2027 он хүртэл хүндхэн байгаа” гэсэн.
Тэгвэл Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Засгийн газар хариуцлага хүлээх ёстой хэмэн байр сууриа илэрхийлсэн юм.
Түүнчлэн инфляци хэтэрхий хөөрүү тооцсон талаар дурдагдлаа. Засгийн газраас өнөөдрийн байдлаар инфляцийг 5 хувьтай байна хэмээсэн байна.
Харин УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа “Хэрэглээний сагсанд түлш, дулаан цахилгааны үнэ ордог уу, ирэх онд үнийн өсөлтийг яаж 7 хувь байхаар тооцсоныгоо жишээгээр тайлбарлах хэрэгтэй. Миний тооцоогоор бол инфляци өнөөдөр 12, 13 хувьтай байгаа байх гэсэн баримжаатай байна. Ирэх жил бүр өснө гэсэн тооцоотой байгаа” гэсэн юм.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Байнгын хорооны гишүүд мөн инфляци ийм байгаад итгэхгүй байгаа. Үндэслэл муутай байна” хэмээн хариулсан юм.
Үргэлжлүүлэн Д.Пүрэвдаваа “Ирэх онд Урсгал зардал, төрийн зардлыг хэдээр хэмнэх, төрийн болон ОН-ийн өмчит газрууд хэдээр буурах вэ” хэмээн асуухад Ц.Даваасүрэн “1 их наядаар бууруулна” хэмээн хариулав.
Ийнхүү Засгийн газрын боловсруулсан, тооцоолсон эдийн засгийн үзүүлэлтүүд удаа дараа эргэлзээ бүхий, үгүйсгэхдэх нөхцөл байдлыг үл харгалзан зүтгүүлсээр байна.
Харамсалтай нь дээрх асуудлуудаар хариу өгөх Засгийн газар буюу Ерөнхий сайд, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамнаас чуулганы хуралдаанд сууж, ажлаа хариуцсангүй.
Сэтгэгдэл үлдээх