Г.Лувсанжамц: Зам дагаж хөгжил гэх ойлголт манай улсад зохихгүй

Ц.Чимэдцэеэ
2025-05-29

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг хэлэлцлээ.

2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийтдээ 17.5 их наядын төсөл, арга хэмжээ төлөвлөгдсөн байсан ч Байнгын хороо болон чуулганы хуралдааны 125 зарчмын зөрүүтэй саналаар нийт 1.6 их наядын төсөл, арга хэмжээ нэмэгдэж, ирэх жил 19 их наяд төгрөг зарцуулахаар болжээ.

Төлөвлөсөн арга хэмжээний 33 хувь нь, гишүүдийн оруулсан саналын 41 хувь нь зам барих буюу автомашинд зориулагдсан байгаа талаар  УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц тодрууллаа.

Мөн,

“Өнгөрсөн хугацаанд бид улсаараа буруу ойлгоод, буруу яриад, буруу хэрэгжүүлж ирсэн зүйл бол “зам дагаж хөгжил” гэдэг ойлголт.

Зам дагаж хөгждөг, зам барьж хөгждөг улсууд бол автомашин үйлдвэрлэдэг улс. Тэр улсын зөвлөхүүд нь хүрч ирээд биднийг зам барь гээд байдаг.

Манайх шиг ХАА, уул уурхай голлосон, цаашдаа үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьж байгаа улс бол нэгдүгээрт боловсрол, хоёрдугаарт эрүүл мэнд, гуравдугаарт эрчим хүчний гэсэн гурван салбарт хөрөнгө оруулах ёстой.

Төсөв, төлөвлөгөөний дийлэнх нь ийшээ чиглэж, иргэдийн төлсөн татварыг хүүхдийн боловсрол, иргэдий эрүүл мэнд, ААН-ийг эрчим хүчээр хангахад зориулагдах ёстой.

Харамсалтай нь боловсролын салбартаа 20 хуваасны нэгийг буюу 5-хан хувь, эрүүл мэндийн салбарт 30 хуваасны 1 буюу 3-хан хувийг зарцуулах болоод байна. 

Өнөөдөр эрүүл мэндийн салбарт эмнэлэг нь оочиртой, ор нь хүрэлцэхгүй, сургуулиуд нэг нь ангидаа 55-аас дээш хүүхдүүд чихцэлдээд сууж байхад бид нар төлөвлөгөөнийхөө 33 хувьд зам барья гээд ороод ирж болохгүй. Цаашдаа эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол гэсэн салбарууд руугаа хөрөнгө оруулалтаа чиглүүлэх ёстой. 

ЭЗХЯ, Сангийн яамд ганц зүйлийг захиж хэлье. Найман сарын 15-аас өмнө 2026 оны төсвийн төлөвлөгөөг гаргаж өгнө байх. Тэр үедээ энэ хөгжлийн төлөвлөгөөнд туссан төсөл, арга хэмжээний эрэмбийг нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, ач холбогдлоор нь эрэмбэлээд, ЭЗБХ-нд хүргэж өгөхийг хүсэж байна.

Тэгж байж аль зам нь хэрэгтэй, хэрэггүйгээ төлөвлөөд, аль сургууль, цэцэрлэгийг хаана барих вэ, ямар эмнэлэг хэдийн хэмжээний ортой вэ гэдэг зүйлийг УИХ хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой гэдгийг хот төлөвлөгч хүний хувьд хэлж байна” хэмээв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe