Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “итгэл хүлээлгэх эсэх” асуудлаар УИХ-ын чуулган үргэлжилж буй. Тэгвэл чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орж ирэн, байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
- Зарим тодорхой бус зүйлүүд дээр өөрийн биеэр тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. Оюун-Эрдэнийг сайд болсон 5 жилийн хугацаанд дэмжиж ажилласан. Би нэг удаа УИХ дээр орж ирж, УИХ-ын тухай, ЗГ-ын үйл ажиллагааны тухай буруу зөрүү зүйл ярьж байсныг та бүхэн сонсоогүй байх. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд ЕС-ын зовлонг сайн мэднэ. Тийм амар ажил биш. Би цар тахлын үед 4 жил ажилласан. Зовлон жаргалыг нь ойлгодог хүний хувьд Ерөнхий сайдыг хүмүүжүүлж, сургаж, бэлтгэж, хамт амьдарсан улстөрчийнхөө хувьд, удирдагчийнхаа хувьд энд сууж байгаа 2 даргад их хүндэтгэлтэй хандаж, хайрлаж, хамгаалдаг. Өнөөдөр ч гэсэн хайртай байгаа. Тиймээс би хувь хүн рүү нь чиглэсэн асуудлыг хөндөж ярихыг хүсэхгүй байна. Харин зарчмын хэд хэдэн зүйлд хариулт өгье гэж бодлоо.
МУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр миний хэлсэн үгний хамгийн гол утга нь “Хүн засаглахгүй, хууль засаглана” гэж хэлсэн. Үүндээ өнөөдрийг хүртэл үнэнч байгаа. Ямар хүн "МУ-ыг Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой" гэж хэлээд, яриад явааг ерөөсөө ойлгохгүй байна. Улс төрд ороод 30 гаруй жил болж байна. Би өөрөө ардчилсан нийгэмд өсөж, хүмүүжсэн хүн. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Би парламентын засаглалыг боловсронгуй болгохын төлөө өөрийнхөө улс төрийн бүх он жилийг зориулсан. Би ЕС байхдаа "МУ парламентын засаглалтай байх ёстой" гэдэг байр сууриа байнга илэрхийлж байсан. 2019 оны ҮХ-ийн нэмэлт өөрчлөл, 126 гишүүнтэй болсон асуудал бүрд Ерөнхийлөгч дэмжсэн. Ерөнхийлөгч өөрийн бүх бүрэн эрхээсээ татгалзсан шүү дээ. Өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгчид айхтар эрх мэдэлсээд байх юм байхгүй шүү дээ. Бүх эрх мэдэл Засгийн газарт шилжсэн. Би энийг өөрөө ЕС, МАН-ын дарга байхдаа хийсэн хүн. ЕС өөрийнхөө ЗГ-ын бүх гишүүдийг хэн нэгний хамааралгүйгээр томилж чаддаг болсон. Өөрөө чөлөөлж чаддаг болсон. Ерөнхийлөгчийн ямар ч оролцоо байхгүй болсон. Надад зүгээр мэдэгдээд л “би энийг тавих гэж байгаа” гэж хэлээд л боллоо. Би Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан АТГ-ыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлсэн. "Гэмт хэрэгтэй тэмцэх субъект бол ЗГ юм байна. Ерөнхийлөгч бол АТГ-ын даргыг томилдог, санал болгодог байдал нь олон жил олон улстөрчдийг хонгилоороо чирч явсан юм байна. Үүнийг засах ёстой. Ерөнхийлөгч өөрөө ард түмнээс сонгогддог учир парламенттайгаа эн чацуу байдаг. Тиймээс АТГ-ыг Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байлгах нь Монголын улс төр, шударга ёсонд нийцэхгүй юм байна. Парламент Засгийн газрыг хянадаг учраас тэнд байх нь илүү зохимжтой юм байна" гэж үзэж, АТГ-ыг гүйцэтгэх засаглал руу өгсөн. Энэ ажлыг би өөрөө хийсэн.
Би өнгөрсөн жилийн буюу 2024 оны 11 сарын 26-ны өдрийн Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойгоор “Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй” гэж албан ёсоор үгээ хэлсэн.
Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд ямар нэг өөрчлөлт орохгүй гэдгийг албан ёсоор хэлье. Би өөрийгөө дахиж 6 жилээр сунгахгүй.
Хэн ийм юм яриад, асуудлыг өөр тийш нь хандуулаад, хариуцлагаас зугтах гээд байгаа юм бэ? Би зарчим ярьж байна шүү. Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь л зарчимтай байгаарай, “Хулгай дээрмээс хол байгаарай, худлаа битгий хэлээрэй” гэж байнга л ах хүний хувьд ч, дарга хүний хувьд ч захиж явсан. Захиасыг минь хөсөрдүүлэхгүй байх гэж найдаж байгаа.
Баялгийн санг Ерөнхийлөгч санаачилсан юм аа. Би МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 оны ҮХ-ын нэмэлт өөрчлөлтөөр “Үндэсний Баялгийн санг байгуулна” гэсэн заалтыг оруулсан. Би энэ заалт дээрээ үнэнч байгаа. Монголын баялаг ард түмний өмч байх ёстой. Энэ бол миний хүүхэд байхаасаа төлөвшиж тогтсон үндсэн философи. Энийг хэн нэгэн компани бүтээчхээгүй юм. Энэ бол бурхны бүтээл. Тийм болохоор монголын ард түмэн байгалийн баялгаасаа ижил тэнцүү хүртэх ёстой. Ард түмэн баялагтаа эзэн байх ёстой.
3. Би амьдралдаа 4 албан тушаал өгч байлаа
Би сүүлийн 20 гаруй хоног гадаа юу болж байгааг харлаа. “Та нар ард түмнээ сонсооч ээ” гэж УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хэлж байгаа. Залуусын тавьж байгаа шаардлага маш тодорхой байна. Залуус гарч ирээд шударга ёс тогтоох тухай, хариуцлагатай байх тухай шаардаж байхад яагаад үүнийг нь хараагүй, сонсоогүй юм шиг байгаад байгаа юм бэ?
Яагаад залуусын тавьж байгаа шаардлагаас шал ангид юм энд яриад байгаа юм бэ? Асуудлаа тодорхой яриач.
Ард түмэн 20 хоног харлаа шүү дээ. Парламент зохих хариултыг нь өгөх ёстой. Та бүхэн ард түмнээс сонгогдсон шүү. Би амьдралдаа 4 албан тушаал өгч байлаа. МАН-ын ЕНБД-ын албыг өөрийн сайн дураар өгсөн. УИХ-ын гишүүнээс өөрийн сайн дураар татгалзаж байлаа. Шадар сайдын албан тушаалыг сайн дураараа өгсөн. Ерөнхий сайдын албаа цар тахлын үед хариуцлагагүй ажилласан гэж үзээд өөрийн сайн дураар өгч байлаа. Энэ бүхний цаана нэг л юм агуулагдаж байсан. Энэ бол олон түмний эрх ашиг, ард түмний эв нэгдлийг удирдагч хүн тэргүүн зэрэгт тавих ёстой.
Өөрийн хашиж байгаа өчүүхэн албан тушаалд битгий шигд. Удирдагч хүн ухрах үедээ ухардаг, урагшлах үедээ урагшилдаг чадвартай байх ёстой. Дээр нь ард түмнээсээ уучлал гуйдаг чадвартай байх ёстой.
Хариуцлага алдсан бол өөрөө хариуцлагаа үүрдэг байх ёстой. Үнэнээ хэлдэг байх ёстой. Ард түмний эв нэгдэл, нэгдмэл байдалд гай болж болохгүй. Энийг би төрийн тэргүүний хувьд та бүхэнд зөвлөж байна гэв.
Сүүлд нь тэрбээр "Би ард түмнийхээ талд хатуу зогсоно шүү" хэмээн үгээ өндөрлүүлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх