Монголын барилгачдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус холбооноос Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шалгаруулалтад монгол аж ахуй нэгжүүдийг оролцох боломжгүй болгосон асуудалд эсэргүүцлээ илэрхийлж, төлөөллүүд байр сууриа илэрхийлсэн юм.
Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар “Татвар төлөгчдийн мөнгөөр бий болж байгаа “Сэлбэ дэд төвийн бондын ажлыг Монголын барилгачдаар хийлгэ” гэх шаардлагыг тавьж байна. Монголын барилгачид эх орондоо байсаар байж өөрсдийн ажлаа булаалгаж, маш хүнд байдалд байна. Төрийн өндөр албан тушаалтнууд авлигын шугамаар БНХАУ-ын компаниудад ажил өгч байна. Бид дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн 10 төрийн өндөр албан тушаалтанд шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эдийн засгийн сайд Л.Гантөмөр, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар нараас хариу ирсэн. Энэ хүрээнд “Үндэсний компаниудаа ажиллуулах”, “Хуулийн хүрээнд тендерийн шалгууруудыг буулга” гэх шаардлагын хотын дарга Х.Нямбаатарт өгчихсөн байгаа. Гэтэл одоогоор ямар нэгэн шийд өгөөгүй, 100 мянган барилгачдыг үл тоож байна” гэсэн юм.
Мөн тендерийн шалгуурт санхүүгийн хэт өндөр шаардлага тавьж байгаа нь Монголын ААН, компаниудыг тендерт оролцох боломжгүй байдалд оруулж байна хэмээн барилгын салбарынхан хэлж байна.
Үргэлжлүүлэн тэрээр “470 тэрбумын тендер зарлаад үүнийхээ 30 хувийг гээд санхүүгийн өндөр босго тавьчихаж байгаа юм. 136 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой Монгол компани нэг ч байхгүй. 9-12 давхар барилга барихын тулд олон улсын нээлттэй тендер зарлах шаардлагагүй. Төслийн менежментээс доогуур орох үндэсний эрх ашиг гэж байхгүй. Хятадууд 80 хувийг, та нар 20 хувийг нь гүйцэтгэчих гээд байгаа юм. Монгол барилгачид 100 хувь үүнийг гүйцэтгэж хийх ёстой. Манай салбарын гавьяат барилгачид одоо эрх ашгаа алдах юм бол зах зээлээ бүрэн алдана гэж хэлж байсан. Мөн Монголын барилгачид энэ 100 жилийн хугацаанд монгол орны бүх бүтээн байгуулалтыг бий болгож, барилга байгууламжийг барьж чадсан. Тиймээс “Сэлбэ дэд төв”-ийг барьж чадна. Мега төслийг Монголчууд хийж, бүтээн байгуулж чадахгүй гэх “хар пиар”-аа явуулсаар л байна. Бид өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцсээр байх болно” гэв.
Мөн энэ үеэр Монголын барилгачдын холбооны төлөөлөл “20 гаруй барилгын компанийн удирдлагууд өнгөрсөн шөнө эсэргүүцлээ илэрхийлж хоносон. Монгол компаниудын тендерт орох эрхийг хааж, боогдуулсан учраас эрх ашгаа хамгаалж тэмцэж байна. Гэтэл одоо бүр хүний эрх зөрчигдөж эхэллээ. Учир нь ажил, орлогогүй болсон 20 гаруй компанийн төлөөллүүд хүйтэн цемент дээр суугаад хонож байна. Энэ бол хүний эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байгаа хэлбэр юм” гэлээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл үлдээх