Наадамд бэлтгэж байсан 18 адууг 19-27 насны 4 этгээд хулгайлсан байж болзошгүй байна

Ц.Чимэдцэеэ
2025-06-13

Цагдаагийн байгууллага энэ сарын 7-ны өдрийн 19.30 цагийн үед ХУД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс Үндэсний их баяр наадамд бэлтгэж байсан 5-12 насны 18 морь алга болсон гэх хэрэг бүртгэжээ.

Улмаар 19-27 насны 4 этгээдийг холбогдуулан мөрдөн шалгаж байна.

Хулгайлсан морьдыг Сонгинохайрхан дүүргийн мал бойны газар төхөөрсөн болохыг тогтоосон.

Эрүүгийн хуульд найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг олон тооны мал хэмээн ойлгох ба 2-8 хүртэл хугацаанд хорих ял шийтгүүлэхээр зүйлчлэгджээ.

Хулгайн малыг төхөөрсөн бойны газрыг мөн хууль зөрчсөн эсэхийг шалгаж байгаа хэмээн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг мэдээлэв.

Морьдоо алдсан хүмүүсийн зүгээс дараах мэдээллийн өглөө.

Намнаа академийн тэргүүн Н.Алтанхуяг "Энэ жил Монголд морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Үүгээр дамжуулж бид Юнэскогийн дэлхийн өвд бүртгүүлэхээр төлөвлөж байсан. Намнаа академд одоо хоёр морь л үлдлээ. 2017 онд би Японд очиж ажиллаад, 20 гаруй сая төгрөгтэй ирсэн. Энэ мөнгөөрөө морьт харвааны өв соёлыг дэлгэрүүлэх ажлыг эхлүүлж байсан. Сургасан, хөдөлмөрлөсөн, хүүхдүүдийн минь унадаг байсан морьд шүү дээ. Орой хүүхдүүдийнхээ нүүрийг яаж харах вэ. Хэрэгт холбогдсон нэг хүүхдийг БНХАУ руу дагуулж явж, тэмцээнд түрүүлүүлж байсан"

Монголын үндэсний морьт харвааны холбооны үүсгэн байгуулагч Б.Болдбаатар "Хулгайд холбогдсон 19 настай хүү 9 настай морь хоёр 6 жилийн дараа дэлхийн аварга болох байлаа шүү дээ. Морийг бол бид дахиад олчих байх аа. Хамгийн гол нь багшаасаа, эх орныхоо өв соёлоосоо урваж, балмад үйлдэл хийсэн шавийнхаа өмнөөс харамсаж байна. Хайран сайхан шавь минь хариуцлагаа үүрээд, буруугаа ухамсарлаж гарч ирээд эргээд ирвэл багш нь хүлээж авна аа"

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe