Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

.Graph
2025-06-17

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг нар БНХАУ-ын Чиндао хотын эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй уулзжээ. Уулзалтаар талууд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцсон байна.

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүсний хэрэглээг үе шаттайгаар бууруулж, шатдаг хийн түлш болон бусад тархмал цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх шаардлага тулгарч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 24/13 тогтоолоор 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК байгуулагдсан.

НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг “2025 оноос эхлэн нийт 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөсөн.

Эхний ээлжид 7,000 өрхийг, цаашлаад 2030 он хүртэл жил бүр нэмэгдүүлэн холбох ажлыг зохион байгуулна.

Эхний холболт нь Баянзүрх дүүргийн гэр хорооллын тодорхой бүсүүдэд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа” хэмээн танилцууллаа.

НИТХ-ын дарга А.Баяр Хийн түлшинд шилжихэд Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд таарсан технологи, хамгийн чухал нь аюулгүй байдалд онцгой анхаарч байгаагаа дурдаад Улаанбаатар хот хамтын ажиллагаанд нээлттэй бөгөөд хууль эрх зүйн хүрээнд бүхий л боломжоор дэмжин ажиллахаа илэрхийлэв.

“Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК нь нийслэлийн иргэдийг цэвэр, хүртээмжтэй эрчим хүчээр хангах, агаарын бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe