Улс орны соёлын нөлөө хэрхэн хүч түрж, эдийн засгаа хэрхэн хүчирхэгжүүлж болдгийг БНСУ дэлхий даяар сонгодог утгаар нь харуулж буй. Соёл гэдэг зөвхөн дуу сонсож, кино үзэхээр хязгаарлагдахгүй, тэр орны амьдралын хэв маягийг хэвшүүлдгээрээ маш өргөн хүрээг хамардаг хүчтэй нөлөөлөл ажээ. Зөвхөн BTS хамтлаг болон Netflix-ийн "Squid game" цуврал кино л гэхэд 2021 онд 12.4 тэрбум ам.долларын экспортын орлого оруулсан. Энэ нөлөөлөл 2025 онд ч үргэлжилсээр буй буюу хамтлаг, киног дагасан хэрэглээ улс орнуудад соёл болон тогтсоор байгаа юм.
Солонгос улсын соёлын хүчтэй бодлогын энэ нөлөө Монгол Улсад сүүлийн жилүүдэд мөн хүчтэй нэвтэрч байгаа билээ. Кино, дуу хөгжмөөр эхэлсэн Солонгосын соёлын нөлөө өнөөдөр залууст гүн бат сууж, хоол хүнсний өдөр тутмын хэрэглээг нэгэнт бий болгожээ. Залуусыг мэдээж хориглох боломжгүй. Харин улс орны бодлого шаардлагатай байна.
Одоо бодлогогүй яваад байгаа хэрэг мэдээж биш. Гэвч илүү өргөн хүрээг хамрах шаардлагатайг зах зээл харуулж байна. Тухайлбал, соёлын салбараа дэмжих зорилгоор яам байгуулж, аялал жуулчлалаа мөн хөгжүүлэхээр визийн таатай нөхцөл санал болгож эхэлсэн, цар тахлын дараачаас. Үүнийг дагаад БНСУ-аас ирэх жуулчдын тоо эрчимтэй нэмэгдэж, нийт жуулчдын 20 орчим хувьд хүрч өсөв. 100 мянга хол давсан солонгос жуулчдын хүн нэг бүр дунджаар 1,200 орчим ам.доллар зарцуулж байгаа тооцоог Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооноос 2023 онд тооцоолж байв. Тэгвэл 2024 онд солонгос жуулчдын тоо 180 мянгад хүрч өссөн нь манай эдийн засагт эерэг дүн байв.
Түүнчлэн солонгос хамтлаг, дуучид Улаанбаатар хотод ирж тоглолтод оролцох шинэ хандлага нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Ялангуяа, залуус хайртай хамтлаг дуучнаа үзэх боломж олдож байгаад баяртай байгаа. Гэвч үүний цаана соёлоор дамжсан эдийн засгийн маш том эрх ашиг явж байгааг иргэд тэр бүр мэдэхгүй. Наад зах нь Солонгосын хамтлаг, дуучнаа авчирч буй агентлаг нь тоглолтын үеийн бүхий л зохион байгуулалт дээр өөрсдийн нөхцөлөө тавьдаг ба үүнд үзэгчдэд борлуулах шар айраг хүртэл багтдаг байна. 2024 онд манай улс 92.8 мянган литр шар айраг үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь нийт хэрэгцээгээ хангах хэмжээ юм.
Сэтгэгдэл үлдээх