“ДЦС-3” дээр гарсан осол, технологийн зөрчилтэй холбоотой Засгийн газар шуурхай арга хэмжээн аван, салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал, ДЦС-3 дээр онцгой дэглэм тогтоосон. Хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон газарт засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ томилдог.
Тэгвэл ДЦС-3 дээр Засгийн газраас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхийг БЭТ-өөр томиллоо.
БЭТ-өөр томилогдсон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Гэмтсэн тоног төхөөрөмжүүд нь дандаа импортоор худалдаж авдаг тоног төхөөрөмжүүд бөгөөд Засгийн газар, яам болон холбогдох байгууллагууд дээр томилогдсон ажлын хэсгүүд энэ төрлийн үйлдвэрлэл явуулдаг, угсралтын ажил хийдэг 3 орны 11 компанид хүсэлт, урилга хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, "турбин генератор ямар үнэтэй вэ, хэдий хугацаанд тээвэрлэх вэ, монголд ирээд барилга угсралтын ажил хийхэд ямар хугацаанд, хэдэн төгрөгийн хөлсөөр хийх вэ гэдэгт санал хүргүүлээч ээ" гэх урилгыг явуулсан. Одоогоор санал ирээгүй байна. Энэ саналууд нэгтгэгдэж байж хугацаа нь тодорхой болно. Мэдээж Улаанбаатар хот болон улсын хэмжээнд дулаан, цахилгааны чадлын дутагдалд орсон учир хамгийн хурдан хугацаанд тоног төхөөрөмж нийлүүлж, угсралтын ажил хийх компанитай хамтарч ажиллана. Салбарын хувьд үнэ, тарифаас болоод алдагдалтай ажиллаж байгаа. Үнэ нэмсэн боловч хангалттай хэмжээний орлого олоогүй байна. Зөвхөн өртөө нөхөх хэмжээний орлого л олсон. Сая болсон осолд их хэмжээний нэмэлт санхүүжилт хэрэгтэй. Тиймээс Засгийн газар санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж, богино хугацаанд хэвийн горимд шилжих боломж бүрдэнэ” гэв.
Тэрбээр ажлаа албан ёсоор хүлээн авсныхаа дараа нэмэлт мэдээлэл өгнө гэдгээ илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх