Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд өнөөдөр боллоо. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцсон юм.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр онцгой байдлын байгууллагын 21 салбар нэгжийг орон нутагт шинээр байгуулж, өнөөдөр тус байгууллагын үйлчлэх хүрээ улсын хэмжээнд 40 гаруй хувьд хүрсэн.
Мөн хугацаанд аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмжийн хангалт, төсөв санхүүжилтийг бодитой нэмэгдүүлж, онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын хувцасны хангалт дунджаар 58 хувь, гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалт дунджаар 63.3 хувьтай буюу өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн өндөр хувьд хүрсэн байна.
Өнгөрсөн 21 жилийн хугацаанд тус байгууллагаас 29 гавьяат цолтон төрөн гарч, төрийн дээд одон медалиар 2810, Засгийн газрын шагналаар 2494 алба хаагч тус тус шагнагдсан нь энэ цагийн эгэл баатар болсон юм.
Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, 21 жилийн хугацаанд 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Сэтгэгдэл үлдээх