“Төрийн банктай бол “ок” эсвэл “За” гэж бичээд 70 сая хожоорой гэсэн мессеж бичээрэй” гэх агуулгатай пост түгээжээ.
Түгээсэн хаяг нь шинэ, чатаар ирсэн мессеж нь үг үсэг, утга зүйн алдаатай, Төрийн банкны нэвтрэх цонхыг хуурамчаар хийсэн, хавсаргасан вэбсайт нь IPQS-ээс сэжигтэй гэсэн үнэлгээ авсан зэрэг нь уг постыг залилангийн шинж чанартай гэдгийг нотолж байна.
2025 оны 06 дугаар сарын 03-нд нээгдсэн Эргэн төлөгдөхгүй санхүүгийн тусламж Facebook пэйж “Төрийн банктай бол “ок” эсвэл “За” гэж бичээд 70 сая хожоорой гэсэн мессеж бичээрэй” гэх агуулгатай пост 06 дугаар сарын 03-нд гурван удаа (энд, энд, энд), 06 дугаар сарын 16-нд нэг удаа түгээжээ. Эдгээрээс хамгийн их хандалт авсан пост нь 135 реакц, 526 сэтгэгдэл, 6 шэйр авчээ.
Бид тухайн хаяг руу чатаар холбогдон лавлахад, овог, нэр, утасны дугаар, оршин суух хаяг, мэргэжил, банкны дансны дугаар гэх мэт хувийн мэдээлэл өгөхийг шаардлаа. Шаардсан хувийн мэдээллийг бид бодит бусаар бөглөн, хариу бичив.
Цаашлаад, нэгэн холбоосыг илгээн “дарж ороод бүртгэлээ баталгаажуулна уу” гэв. VPN (Virtual Private Network) ашиглан холбоос руу ороход Төрийн банкны лого ашигласан нэвтрэх цонх гарч ирлээ. Нэвтрэх хэсэгт дурын нэр, нууц үг бөглөн ороход вирусийн эсрэг программ JS/Adware.Revmbill.B гэх нэртэй нэгэн төрлийн вэб браузер тандагч илэрлээ хэмээн анхаарууллаа.
Бид вэбсайт шалгадаг Get safe online хэрэглүүр ашиглан харахад, илгээсэн хаяг нь 2022 онд Японд нээгдсэн, сэжигтэй үйл ажиллагаа илэрсэн, маш муу итгэлцлийн оноотой вэбсайт гэж гарч ирлээ.
Мөн phishing alert буюу хувийн мэдээлэл цуглуулах зорилготой гэсэн анхааруулга байгааг харж болно. Phishing халдлагаас хэрхэн сэргийлэх тухай эндээс үзээрэй.
Мөн IPQS (IPQualityScore) цахим залилан илрүүлдэг платформоос сэжигтэй, phishing үйл ажиллагаа явуулдаг гэсэн үнэлгээ авчээ.
Түгээсэн хаяг нь шинэ, чатаар ирсэн мессеж нь үг үсэг, утга зүйн алдаатай, Төрийн банкны нэвтрэх цонхыг хуурамчаар хийсэн, хавсаргасан вэбсайт нь IPQS-ээс сэжигтэй гэсэн үнэлгээ авсан зэргээс харвал түгээсэн пост цахим залилан болох нь тодорхой аж.
Иймд та ямарваа нэг байгууллага, компанийн нэр барьж холбогдсон мессеж, чатад хэрсүү хандаж, албан ёсны байгууллагаас асууж байхыг зөвлөе. Мөн Монголын баримт шалгах төвийн “АСУУ” ухаалаг чатботод холбогдож шалгуулах мэдээ, пост илгээж болно.
Сэтгэгдэл үлдээх