Г.Гантуяа: ЭЕШ-ыг 2006 оноос хойш нэг аргачлалын дагуу зохион байгуулж байна

Ц.Чимэдцэеэ
2025-06-23

ЭЕШ зургаадугаар сарын 18-21-ний хооронд 4 хоног болж өнгөрлөө.

43 мянга гаруй шалгуулагчаас 20 мянга гаруй нь эрэгтэй, 22 мянга гаруй нь эмэгтэй шалгуулагч байсан. Тэдний 21 мянга гаруй нь УБ хотод, 21 мянга гаруй нь орон нутагт шалгалт өгсөн байна.

Шалгалтын материал хүнд, бэлдэж байсан агуулгаас зөрсөн гэх асуудалд БҮТ мэдээлэл өглөө.

БҮТ-ийн дарга Г.Гантуяа “2006 оноос хойш нэг аргачлалын дагуу ЭЕШ-ыг зохион байгуулж байна. Шалгалтын материалыг интернэтгүй, тагнуул, цагдаагийн байгууллагын хяналт дор, вакум орчинд боловсруулдаг. Мөн тагнуулын тусламжтайгаар даалгаврыг түгээдэг. Энэ жил даалгавар задарсан асуудал гараагүй” гэв.

Харин шалгалт өмнө жилүүдээс хүндэрсэн, тохиромжгүй байсан эсэхийг шалгуулагчийн гүйцэтгэл харуулдаг ба дараах дүн гарчээ.

Анхны дундаж оноог өнгөрсөн онтой харьцуулахад,

  • Түүх 41.2-ооос 43.6 
  • Англи хэл 35.7-оос 35.3 
  • Хими 25.3-аас 32.9 
  • Газар зүй 44-өөс 56.7 
  • Нийгэм 43-аас 36.1 
  • Биологи 46-аас 34
  • Математик 24-өөс 20 
  • Физик 34.2-оос 35.6 
  • Орос хэл 64-өөс 64.4 
  • Монгол хэл 38.4-өөс 42.9 болж тус тус өөрчлөгдсөн байна.

БҮТ-ийн даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц “Үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөөг 2-3 сарын өмнө багш нарт хүргэдэг. Түүнд хэдий хугацаанд хэдэн онооны ямар даалгавар орох талаар танилцуулсан. Уг төлөвлөгөөний дагуу шалгалтын материал боловсруулдаг. Уралдаант шалгалтад хөнгөнөөс хүнд хүртэл бүх даалгавар ордог. Шалгалтыг агуулга, бүтэц, хугацааны тохирцыг харгалзаж авдаг. Физикийн шалгалтад киложоул(кЖ) гэх хэмжээсийн кило(к) байгаагүй алдаа гарсан. Тус даалгаврын оноонд тохируулга хийж, бүх шалгуулагчийн оноонд нэмж байгаа” гэв.

Цаашдаа нээлттэй даалгаврын сантай болж, өгөгдөл солих байдлаар бодуулна гэдгээ мэдэгдлээ. Энэ жил математикийн жишиг 1000 бодлого байршуулсан. Үүнээс 40 бодлого сонгож аваад, дөрвөн вариантад хувааж оруулсан аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe