Халдвартай тарвас гэх мэдээлэлд зохиомол вирус ашиглажээ

Ц.Чимэдцэеэ
2025-06-23

Тарвас идсэн Хятад иргэн SK5 вирусийн халдвараар нас барсан, тарвас битгий идээрэй гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Sk5 вирус гэж байхгүй ба 10-аад жилийн өмнөөс Хятад, Тайванаас эхлэн өөр өөр хүнсний бүтээгдэхүүнд зохиомол вирусийн халдвар байна гэх хуурамч мэдээлэл түгж байна.

2025 оны 06 дугаар сарын 19 -нд Tugsuu Tuk (архивлагдсан хувилбар) гэх Facebook хаягт тарвас идсэн Хятад иргэн SK5 вирусийн халдвараар нас барсан гэх агуулгатай мэдээлэл түгээжээ. Тодруулбал тус постод тэмдэглэснээр, “БНХАУ-д Шэнянь эмнэлэг: өчигдөр шөнийн 02:23 минутад 13 эрэгтэй, 13 эмэгтэй sk5 вирусийн халдвараар нас баржээ. Хамгийн хөгшин нь 32 настай, залуу нь 5 настай байсан ба үзлэг шинжилгээ хийсэн эмчийг каринтилаад байгаа юм байна. Төв телевизээс ойрын хугацаанд Тарвас🍉 идэхгүй байхыг, ялангуяа одоогоор худалдаалагдаж дуусаагүй байгаа 13,167 халдвартай байж мэдэх тарвасыг идэхгүй байх тухай мэдээлээд байна. Үүнийг цааш нь өөрсдийнхөө танил дотно хүмүүстээ дамжуулж, аль болох олон хүнд хүргэхийн тулд группт хуваалцаарай. Их хэмжээний бороо, борооны усаар вирус халдварлах магадлалтай тул өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө хэсэгтээ тарвас бага худалдаж аваарай” гэх тайлбартайгаар тарвасын зургийн хамт өвчтэй хэвтэж буй эмэгтэйн зургийн хамт нийтэлсэн байна. Тус пост нь 4,800 орчим реакц авч 13,000 гаруй удаа цааш түгээгдсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Вирусийн халдвартай гэх тарвасын мэдээллийг агуулгаар нь хайхад хамгийн анх 7 жилийн өмнө буюу 2018 онд түгж байжээ. Тухайлбал, 2018 онд Амар хүргэлт гэх хаягаас яг ижил текст, адил зурагтай нийтэлсэн байна.

Үргэлжлүүлэн хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2015 онд Soho  мэдээллийн сайтад тарвас идсэнээс болж органик фосфорын хордлогод орсон эмэгтэйн тухай мэдээлжээ. Харин тус мэдээлэлд SK5 вирусийн тухай огт дурдаагүй байна.  Мөн тус үйл явдлын тухай People’s daily мэдээллийн сайт дэлгэрэнгүй мэдээлсэн.

Тодруулбал, Шаньдун мужид 17 хүн тарвасаас хордож эмнэлэгт хүргэгдсэн. Эдгээр хүмүүс бүгд өөр өөр лангуунаас тарвас худалдаж авсан ч бүгд ижил төрлийн тарвас байсан аж. Жяожөүгийн Хүнс, эмийн удирдлагын газрын ажилтнууд худалдагч Люгийн зарсан тарвасыг хураан авч шалгахад шавж устгах алдикарб бодисын үлдэгдэл стандартаас хэтэрсэн болохыг тогтоожээ. Энэ нь арилжааны пестицидийн хамгийн хортой төрөл бөгөөд фосфорын хордлого үүсгэдэг тухай дэлгэрэнгүй мэдээлсэн байна.

2015 онд нийтлэгдсэн мэдээллийн зураг, Эх сурвалж: Soho

Sk5 вирус гэж байхгүй ба зохиомол вирусийн нэр ашиглан хуурамч мэдээлэл түгээсээр байна.

SK5 гэх вирусийн тухай Тайваний Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны сайтад “Хятадад гахайн махнаас SK5 вирусийн халдвар авч нас барсан гэх мэдээлэл группүүдэд тархсан… Энэ бол хуурамч мэдээлэл, SK5 вирус огт байхгүй. Үүнтэй төстэй цуурхал Хятадад олон жилийн турш тархаж байгаа ба гол төлөв жимс, мах идсэний дараа халдварласан, эмч нар ч халдвар увсан учир хөл хорио тогтоосон гэж мэдээлдэг. Интернэтэд мэдээллийг тараахдаа SK5, SK6, SB5 гэх зэрэг нэрийг өөрчлөн түгээдэг” гэж анхааруулсан байна. 

Мөн Хонконгийн Хүнсний аюулгүй байдлын төвийн сайтад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүнсний аюулгүй байдалтай холбоотой янз бүрийн цуурхал, хуурамч мэдээлэл тарааж байгаа тухай мэдээлжээ. Тус мэдэгдэлд SK5 гэж нэрлэгдэх вирусийн жишээг авсан бөгөөд загас жимсэнд  агуулагддаг гэх хуурамч мэдээллийн тухай дурдаж, хүнсний аюулгүй байдлын хэд хэдэн байгууллагын үгүйсгэсэн хуурамч мэдээллийг хэдэн сар жилийн дараа дахин сэргээн, хүнсний төрөл, эрсдэл, эрүүл мэндийн асуудлыг өөрчлөн түгээж буй тухай анхааруулсан байна. 

Хятадын China Daily сайтад  2017 онд нийтэлсэн шувууны тахлын тухай мэдээлэлд шувууны тахлаар нас барсан үед “SK5, SK6 SМ250” гэх мэт зохиомол вирусийг ашиглан янз бүрийн хуурамч мэдээлэл тараадаг тухай дурджээ.

Дүгнээд үзвэл Хятад, Хонгконг, Тайван зэрэг улсад үүнтэй төстэй зохиомол вирусийн нэр ашиглан янз бүрийн хүнснээс халдварласан гэх хуурамч мэдээлэл байнга түгдэг тухай албан ёсны байгууллагууд анхааруулж байсан ба 2015 онд тарвасаас хордсон эмэгтэйн зургийг ашиглан 2018 онд зохиомол вирусийн тухай хуурамч мэдээлэл түгээж байжээ. Хэдийгээр бидний шалгасан мэдээлэлд ашигласан зураг нь бодит үйл явдлын зураг байж болох ч үүнийг ашиглан зохиомол вирусийн тухайг мэдээллийг дахин сэргээж түгээн одоо вирусийн халдвартай тарвас зарагдаж буй мэт ташаа ойлголтыг түгээжээ.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe