Э.Содномпилжээ Дэлхийн цомоос долоо дахь алтан медалиа хүртлээ

Ж.Номин
2025-06-24

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ний өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний залуучуудын 54 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд цээжнээс 151 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль, насанд хүрэгчдийн 54 кг-ын жинд нийлбэр дүн (443 кг)-гээр мөнгөн медаль хүртсэн. Насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Алтангэрэл нийлбэр дүн (333 кг)-гээр хүрэл медаль хүртлээ.

Д.Жигмэд эхний өргөлтөөр залуучуудын Ази тивийн дээд амжилт (141 кг)-ыг шинэчилсэн бол сүүлийн өргөлт (151 кг)-өөр залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. 

Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртэж, урд хөршийн нийслэлд төрийн дууллаа эгшиглүүллээ.

Э.Содномпилжээ Дэлхийн цомоос долоо дахь алтан медалиа хүртлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe