Он гарсаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийтдээ 121 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40.4 хувиар өссөн дүн юм.
Булган аймагт 11, Дорнод аймагт 21, Сүхбаатар аймагт 13, Сэлэнгэ аймагт 30, Төв аймагт 10, Хэнтий аймагт 18 удаагийн тохиолдол бүртгэгдсэн.
Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад гарсан ойн түймрийг цурамд оруулсан. Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Алтанбулаг сум, Хөвсгөл аймгийн Улаан уул, Цагааннуур сумдад гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймэр унтраах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын 359 алба хаагч, 22 автомашин, зэвсэгт хүчний нэг нисдэг тэрэг, орон нутгийн 76 иргэн, 16 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна.
Он гарсаар бүртгэгдсэн нийт 121 ойн түймрээс зөвхөн сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн нь 11 удаагийн тохиолдол байгаа юм.
Ойрын өдрүүдэд бүртгэгдэж байгаа түймрүүд нь хуурайшилт болоод аянгаас үүдэлтэй гэх урьдчилсан мэдээлэлтэй байна.
Харин сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна. Энэ жилийн тухайд 6-8 сард гэнэтийн үер буюу “Уруйн үер”-ийн эрсдэл өндөр байна. Ойрын өдрүүдэд хэт халалтаас үүдэлтэй усны ослын тохиолдол нэмэгджээ.
Он гарсаар усны ослын 38 тохиолдол бүртгэгдэж 23 иргэн амиа алджээ.
Эдгээр 23 иргэний 16 нь том хүн, 7 нь хүүхэд байв. Усны ослын тохиолдлыг сүүлийн 5 жилээр судалж үзэхэд нийт усны ослын 69 хувь нь дандаа зуны улиралд гарсан бол энэ дундаас амиа алдсан иргэдийн 41 хувь нь зөвхөн 7 дугаар сард амиа алджээ.
Иймд иргэд усны ослоос урьдчилан сэргийлж, гол нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, хийлдэг завь ашиглахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх