Засгийн газрын ээлжит хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Алт-3 аяныг идэвхжүүлж, хайгуул, эзэмшлийн зөвшөөрлийг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцсэн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Тэрбээр “Манай орны эдийн засаг нүүрс, жонш, төмрийн хүдэр зэрэг том хэмжээний тээвэрлэлт шаардсан минералууд дээр суурилж байна. Мөчлөг дагаж унаж, босдог энэ салбарыг дэлхийн улс орнууд салбар дотор нь төрөлжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөт металлын салбараа дэмжих хэрэгтэй.
Энэ бодлогын суурь болгож “Алт 3” хөтөлбөрийг идэвхжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан бөгөөд удахгүй УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар ажиллаж байна.
Алтны үнэ өнгөрсөн оноос 36 хувиар өсөж, дэлхийд уг байгалийн баялгийн төлөө өрсөлдөж байгаа энэ үед манай улсын металл тушаалт буурсан байна. Металл тушаалтын хувь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар уналттай байгаа.
Монгол Улсад 500 орчим тонн алтны нөөц бүртгэгдсэн. Үүнээс 100 тонн алтыг шууд олборлох боломжтой. Энэ нь шороон орд биш үндсэн ордод байгаа алтны нөөц бөгөөд эргэлтэд оруулах боломжийг эрх зүйн орчинд нь чөлөөлөхөөр зорьж байна.
Алтны хайгуулыг нэмэгдүүлж, тусгай зөвшөөрөл авах, эзэмших нөхцөлийг хөнгөвчилнө.
Одоогоор тендерийн сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл авдаг бол олон улсад ашиглагддаг хурдтай, хөрөнгө оруулагчдад ээлтэй байх зарчим руу орно. Мөн татварын босгыг хэмжээгээр нь хамааруулж шаталсан тогтолцоо руу шилжүүлэх тогтоолын төслийг барина.
Сэтгэгдэл үлдээх