Ипотекийн зээлтэй 115 мянган иргэн "аманд багтахгүй" өндөр даатгал төлнө

.Graph
2025-06-26

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолын дагуу 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлдэгч нарт хамааралтай нэг чухал шийдвэр хэрэгжиж эхлэх аж. Энэ бол даатгалын асуудал.

Уг асуудлыг Хуульч О.Батхүү анх олон нийтэд танилцуулж, анхааруулсан юм. Тэрбээр “8 сарын 1-нээс даатгалын төлбөр өндөр дүнгээр нэмэгдэж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд уг журмыг баталсан. 2016-2023 оны хооронд 174 хүн “ийм шийдвэр гаргаад өгөөч ээ” гэж өргөдөл, гомдол өгсөн гэнэ. Гэтэл өнөөдөр монголд 115 мянган хүн зээлтэй  байгаа.

115 мянган хүний асуудлыг 174 хүний гомдлоор шийдчихэж. 

Одоо бол орон сууц, эрүүл мэнд, амь насны даатгалыг нэг компани дээр бөөн дүнгээр нь төлж байгаа. Ойролцоогоор 50 орчим мянган төгрөг төлж байгаа байх. 8 сарын 1 нээс энийг хоёр хуваагаад хоёр өөр компани дээр даатгах нь. Амь нас, эрүүл мэндийн даатгалыг зээлийн гэрээний хугацаа буюу 20-30 жилээр нь тооцож, нэг удаа гэрээ хийнэ гэнэ. Бас наснаас нь шалтгаалаад өөр өөрөөр тогтоож байгаа юм байна. Би “100 сая төгрөгийн зээлийг 30 жилийн хугацаатай авсан хүн яах вэ” гэх тооцоог СЗХ-ноос гаргуулсан. Тэгсэн 30 настай хүн бол жилд 430 мянган төгрөг, 30 жилийн турш 14 сая төгрөг, 35 настай хүн бол жилд 640 мянган төгрөг, 30 жилийн турш 18 сая төгрөг, 40 настай хүн жилд 847 мянган төгрөг төлж, 30 жилийн турш нийт 25 сая төгрөг төлөхөөр байгаа юм.

100 сая төгрөгийн зээл авчаад 25 сая төгрөгийн даатгал төлнө гэхээр маш хүнд.

Гэтэл энийгээ олон нийтэд танилцуулж, санал аваагүй. Уг шалтгаанаа “Энэ бол даатгалын компаниудад хамааралтай асуудал” гэж тайлбарлаж байгаа юм. Би бол санал нийлэхгүй байна. Өнөөдөр ипотекийн зээлтэй хүн бүрд хамаатай. Даатгал мэдээж хэрэгтэй. Гэхдээ яагаад энэ журмаа олон нийтэд танилцуулаагүй байгаа юм. Яагаад Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй юм. Энэ дүн яг бодитой гарч ирсэн үү гэдэгт л асуудал байгаа” хэмээсэн юм. 

Харин СЗХ-ноос уг зохицуулалт нь өвчнөөр нас барах, насан туршдаа хөдөлмөрийн чадвараа алдсан зээлдэгч нарт хэрэгтэй хэмээн тайлбарлаж буй аж. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe