НИТХ-ын дарга А.Баяр, НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар Азийн Хөгжлийн Банкны Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын захирал Синди Киснерос-Тиангко болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Айл өрхийн амьдралын чанарыг сайжруулах, тогтвортой орчин бүрдүүлэх, төвийн эрчим хүчний системийн нийлүүлэлт, төлбөрөөс ангид болгох, өрхийн түлээ, нүүрсэнд зарцуулдаг төлбөрийг бууруулах боломж нь сэргээгдэх эрчим хүч. Иймээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийг нийслэлийн зүгээс дэмжинэ гэдгээ уулзалтын үеэр илэрхийлжээ.
Талууд Улаанбаатар хотын гэр хороололд нарны сэргээгдэх эрчим хүч ашиглахад шаардагдах анхан шатны хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр санал солилцсон аж.
Нийслэлийн зүгээс 2025 онд 51000 айлыг дулаалж, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байна.
Мөн газ болон цахилгаан халаагуурт бүрэн шилжсэн, гал түлдэггүй өрхөд хэрэглээний үнийн урамшуулал олгох юм. Нарны панел, сэргээгдэх эрчим хүч, ус төрөгчийн эрчим хүч, орон сууцжуулах зэрэг бодлогыг орхигдуулахгүй гэдгийг ЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин онцолжээ.
Нийслэл хот 2028 онд гэхэд 1000 айлыг нарны панел буюу сэргээгдэх эрчим хүчээр холбох төлөвлөгөөтэй байгаа. Өнгөрсөн онд 47 айлыг сэргээгдэх эрчим хүчинд холбосон. Энэ жил Чингэлтэй дүүргийн 200 айлыг сэргээгдэх эрчим хүчинд холбохоор ажиллаж байгаа аж.
Азийн хөгжлийн банкны төлөөллүүд “Улаанбаатар хотын гэр хороололд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэхэд өвлийн цаг агаарт зохицсон технологи, техникийн шийдлийг боловсруулах, техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх нь үр ашигтай. Нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл нь хямд зардалтайгаас гадна, дотоод нөөц баялагт тулгуурладаг тул Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, хараат бус байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж төслийн баг үзэж байгаа” гэв.
Дараагийн уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төсөлд гарын үсэг зурахаар талууд тохиролцжээ.
Сэтгэгдэл үлдээх