Бие даасан сэтгүүлчдэд зориулсан хараат бус “PLUMA” мэдээллийн цогц систем нээлтээ хийлээ

.Graph
2025-06-26

“Плюма” (хуучнаар Үзэг төсөл) платформ нь бие даасан сэтгүүлчид болон редакцуудад хараат бус байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгцээнд тулгуурласан мэдээ, нийтлэл бүтээл нийтэлж, түүнээсээ орлого хуримтлуулах боломж олгох шинэ платформ юм.

“Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв” нь “Плюма” төслийг 5 жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн бөгөөд 2024 оноос “Фаро технологи” компанитай хамтран технологийн хөгжүүлэлтийг гүйцэтгэж, өнөөдөр зорилтот хэрэглэгчдэд танилцууллаа.

Плюма платформ нь нэг талаас бие даасан, хараат бус сэтгүүлчдэд бүтээлээ туурвих, нийтийн мэдэх эрхийн төлөөх сэтгүүл зүйн бүтээлүүдээ нийтлэх чөлөөт платформ болох зорилготой. Нөгөө талаас хүн ам цөөтэй боловч мэдээллийн ялгаатай хэрэгцээтэй нийгмийн олон бүлгийн хэрэгцээг хангах, олон ургалч хэвлэл мэдээллийн орчныг дэмжих ач холбогдолтой платформ юм.

Энэхүү төслөөр 2022 онд “Deutsche Welle Akademie”-ээс зарлагдсан Global Media Startup уралдаанд 26 орны 96 төслөөс 4-р байранд, түүнчлэн дэлхийд хамгийн томд тооцогддог, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн старт-апын уралдаан, хурдасгуур хөтөлбөр болох “She Loves Tech” уралдааны тусгай байрын шагналтай хүний эрх, ил тод байдал, хариуцлагын чухал ач холбогдолтой технологийн шийдэл юм.

Сэтгүүлчид аль нэг редакцад харьяалагддагаас үл хамааран өөрсдийн бүтээлээ чөлөөтэй нийтлэх, хараат бус, бие даасан байдлаар ажиллах, түүнээсээ орлого олох, мэргэжлийн онлайн сургалтуудад хамрагдах шинэ боломжийг энэ платформ санал болгож байна.

Платформын хэрэглэгч нь зөвхөн сэтгүүлчээр хязгаарлагдахгүй.

Сэтгүүл зүйн бүтээлийн түвшинд бичвэрээ бэлтгэдэг нийтлэлч, нөгөө талаас мэдээлэл түгээх үүрэг хүлээдэг хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтнууд болон мэргэжлийн түвшинд эх сурвалж болдог салбар салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон талын хэрэглэгчтэй цогц систем юм. Мэдээж хамгийн чухал нь үнэн бодитой, чанартай мэдээ, мэдээлэл хүлээн авахыг эрхэмлэдэг уншигч нь эцсийн хэрэглэгч билээ.

Плюма платформыг дэмжин, 2020 онд Олон улсын эмэгтэй сэтгүүлчдийн сан (IWMF) 5000 ам.долларын төслийн санхүүжилт, “She Loves Tech” уралдаан болон “Kite Mongolia” байгууллага 10 сая төгрөг, мөн 2025 онд Лондонгийн Эдийн засгийн Сургуулийн дэргэдэх Polis төвийн Journalism AI байгууллагаас 50 мянган ам.долларын санхүүжилтийг олгоод байгаа юм.

Одоогоор Journalism AI хөтөлбөрийн хүрээнд чөлөөт платформ дахь баримт шалгалтын үйл ажиллагааг оновчлох, Монгол Улсын мэдээллийн экосистем дэх төвлөрлийн анализ хийх хиймэл оюун ухаанд тулгуурласан нэмэлт хөгжүүлэлт хийж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe