УИХ-ын гишүүд: Оюутолгойн лицензийн эзэмшилд Монгол Улсын эрх ашгийг хангасан гэрээ хэлэлцээр хийгээгүй

.Graph
2025-06-27

УИХ-ын зарим гишүүд 126 гишүүнтэй шинэ парламентын анхны Хянан шалгах түр хороог байгуулах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, 89 гишүүн гарын үсэг зуран УИХ-ын даргад өргөн барьсан талаар мэдээлэл өглөө. Эдгээр 89 гишүүн дотор УИХ-д суудалтай 5 намын дийлэнх гишүүд багтжээ.

Энэхүү хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв нь “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх” юм. Энэ хүрээнд 89 гишүүн нэгдэж, Хянан шалгах түр хороо байгуулах ёстой гэж үзсэн байна. 

Уг хянан шалгах түр хороог байгуулахдаа  

  • Стратегийн бүлэг ордод Оюутолгойн лицензээс гадна Канадын хөрөнгө оруулалттай ОНТРЭ компанийн эзэмшилд байгаа Жавхлант, Шивээ толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлох болон холбогдох баримтуудад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх. 
  • “Оюутолгой” ХК дээр байгуулсан, нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын жишигт нийцүүлэн бууруулах талаар авах арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан, хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах гэсэн хоёр сэдвийг харгалзан УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 

- ОНТРЭ нь Оюутолгойн бүлэг ордын хил заагт албан ёсоор орж байгаа хоёр лицензийн эзэмшил дээр одоог хүртэл Монгол Улсын эрх ашгийг хангасан гэрээ хэлэлцээр хийгээгүй. Тиймээс хяналт шалгалтын түр хороог заавал байгуулж, энэ гэрээг хийх ёстой. Мөн урд өмнө нь авсан арга хэмжээнүүд дээр хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргана. 

Оюутолгойн бүтээн байгуулалтад 20 орчим тэрбум долларын зээл авсан. Энэ зээлийн 11.8 тэрбум доллар нь хувь нийлүүлэгчдийн зээл буюу Рио тинтогоос охин компанидаа олгосон зээл. Энэ 11.8 тэрбум долларын зээлийн хүү нь өнөөдрийн тооцооллоор 11.1 хувь.

Энэ хүү нь монголын төрийн болон хувийн хэвшлийн гадаадын зах зээл дээр босгож байгаа зээлтэй харьцуулахад 2-4 хувиар их байна.

Уг зээлийн хүүг 7 жил тутам дахин авч хэлэлцэх эрх хувь нийлүүлэгчдийн гэрээний 11.3-аар бидэнд олгогдсон. Энэ эрх 2025 оны 12 сарын 31-ээр дуусгавар болгоно. Тэгэхээр тус эрх дуусгавар болохоос өмнө хэлэлцээрийг дахин хийж, Монгол Улсын эрх ашгийг хангаж, олон улсын жишигт нийцүүлэх зайлшгүй шаардлага байна. Мөн дээрх 11.8 тэрбум долларын зээлийн 5.7 тэрбум буюу 49 хувь орчим нь зөвхөн хуримтлагдсан хүү.

Ташрамд, “Оюутолгой” ХК-д аудит хийсэн тайлан улсын нууцад байгаа бөгөөд үүнийг улсын нөөцөөс гаргах ёстойг гишүүд онцлов. Мөн одоо мөрдөгдөж байгаа гэрээгээр явбал Монгол Улс хэзээ ч ашиг хүртэхгүй. Зөвхөн хүүний хүү төлсөөр дуусна хэмээсэн юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe