Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулав

.Graph
2025-06-27

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2025 оны төсөвт хийх ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ-оо танилцуулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Түүний танилцуулгаас онцлох хэсгийг товчлон хүргэж байна. 

Нүүрсний үнэ огцом буурснаар төсвийн орлого 3.2 их наядаар тасрах эрсдэл үүссэн. Ингэснээр инфляц өсөх, төгрөгийн ханш суларч, ядуурал нэмэгдэх аюул тулгарч байгаа. Мөн Геополитикийн хурцадмал байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзэл гадаад орчноос ирэх дарамтыг улам нэмэгдүүлж байна.

Иймд төсвийн үр ашиггүй зардлыг танах, эдийн засгийг тогтворжуулан, төрийн бүтцийг цомхон, чадварлаг болгох, төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засаг руу шилжих зорилтыг хэрэгжүүлэн ажиллахаа мэдэгдсэн юм. 

Эдгээр зорилтод хүрэхийн тулд хэд хэдэн арга хэмжээг төлөвлөөд байна. 

Төрийн албаны шинэчлэл хийнэ

  • Төрийн албан хаагчдын тоог 9%-аар бууруулна (багш, эмч нараас бусад).
  • Сул орон тоог нөхөхгүй, бүтцийн давхардал, хийдлийг арилгана.
  • Ажлын байраа алдах иргэдийг хувийн хэвшил рүү шилжүүлэх, сургах бодлого баримтална.

 Зардлын хэмнэлт хийнэ 

  • Тээвэр, шатахуун, гадаад томилолт, тавилга, урамшуулал зэрэг тэвчиж болох зардлуудыг 1.5 их наядаар бууруулна.
  • 535.9 тэрбум төгрөгийн хэрэгжээгүй төслийн санхүүжилт зогсоно.
  • Энэ мэтчилэн нийт 2.04 их наяд төгрөгийн хэмнэлт хийхээр тооцсон.

Эдийн засгийн бүтцийг өөрчилнө

  • Төрийн өмчит компаниудад реформ хийх
  • Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэх
  • Мах, ноос ноолуур зэрэг экспортын шинэ зах зээлд (Зүүн өмнөд Ази, Европ) гарц нээх зэргээр ажиллана.

Цахимжуулалт ба инновац

  • Төрийн үйлчилгээний чанарыг бууруулахгүйгээр цахим шилжилт хийж,
  • Сингапур, Япон зэрэг орны туршлагыг үе шаттай нэвтрүүлэх аж.

Эдгээр арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлснээр эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгож, инфляцыг бууруулан, төгрөгийн ханшийг тогтворжуулж, иргэдийн амьжиргааг хамгаалан, баялаг бүтээгчдийг дэмжиж, төр хувийн хэвшлийн тэнцвэртэй харилцааг хөгжүүлэх боломжтой гэж үзжээ. 

Дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж уншина уу. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe