Хамгийн их аутизм үүсгэдэг вакцин бол улаанбурхан өвчний эсрэг вакцин гэх мэдээлэл түгжээ.
Баримт шалгалтын үр дүн
Өргөн хэмжээний хэд хэдэн судалгаагаар улаанбурхан өвчний эсрэг вакцин аутизм үүсгэдэггүй нь батлагдсан.
2025 оны 06 дугаар сарын 25-нд Ganbayar Batsuuri (архивлагдсан хувилбар) гэх Facebook хаяг улаанбурхан өвчний эсрэг вакцин аутизм үүсгэдэг хэмээн пост түгээжээ. Тус хаяг постдоо ямар нэг судалгааны тайлангаас эшилсэн гэх боловч тодорхой эх сурвалжийг дурдалгүй зөвхөн “хамгийн их аутизм үүсгэдэг чинь улаанбурхны вакцин. судалгааны тайлангаас” хэмээсэн байна.
Бид вакцины эрүүл мэндийн нөлөөлөл болон аутизм үүсгэдэг зэрэгт хэдийн баримт шалгалт хийн мэдээлж байсан ба улаанбурхан өвчний эсрэг вакцин аутизм үүсгэдэггүй гэдэг нь өргөн хэмжээг хамарсан хэд хэдэн томоохон судалгаагаар батлагдсан юм.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Вакцин нь аутизм үүсгэдэг тухай батлагдаагүй ойлголт нь 1998 онд нийтлэгдсэн Британийн судлаач Эндрю Вэйкфилдийн судалгаанаас үүдэлтэй бөгөөд тэрээр 12 хүүхдийг хамруулсан жижиг судалгаандаа арга зүйн болон шинжлэх ухааны судалгааны алдаа гаргасан учир Lancet сэтгүүлээс түүний судалгааг эгүүлэн татаж байв. Хэдийгээр энэхүү судалгаа нь хүлээн зөвшөөрөгдөөгүй боловч вакцин нь аутизм үүсгэдэг гэх хуурамч мэдээллийн үндэс болсон байна.
Улаанбурхан өвчний эсрэг вакцин (MMR vaccine – Measles-Mump-Rubella) нь аутизм үүсгэдэг тухай өргөн хэмжээний судалгааг 2019 онд Данид хийсэн ба 1999 оноос 2010 оны хооронд Данид төрсөн 650,000 орчим хүүхдүүдийг хамруулсан судалгаанд вакцинаас үүдэн аутизмтай болох эрсдэл нэмэгдсэн тухай үр дүн гараагүй байна.
АНУ дахь өөр нэгэн өргөн хэмжээний судалгаанд аутизмтай болон аутизмгүй ах, эгч, дүү нартай 95,000 хүүхдийг хамруулсан судалгаанд улаанбурхан өвчний эсрэг вакцин аутизмтай болох эрсдэлийг нэмэгдүүлдэггүй дүгнэсэн байна. Аутизмтай төрсөн ах, эгч, дүү нартай хүүхдүүдийг сонгосон нь ялангуяа аутизмтай ах, эгч нартай хүүхдүүд аутизмтай төрөх эрсдэл харьцангуй өндөр байдгийг харгалзан судалгаанд хамруулсан байна.
Түүнчлэн аутизмын шалтгааныг вакцин гэж үзэх нь биологийн үүднээс батлагдаагүй ба улаанбурханы вакцин хийгдэхээс өмнө аутизм үүсдэг тухай 2020 онд Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн судалгаанд дүгнэсэн байна.
Мөн 2012 онд Америкийн Үндэсний эмийн академи насанд хүрэгчид болон хүүхдүүдэд хийдэг хоолойн сахуу, улаанууд, татран, томуу, хүний папиллома вирусийн эсрэг (ХПВ) гэх мэт 8 төрлийн вакциныг судлан эрүүл мэндийн сөрөг үр дагавар үүсгэдэг баримт байхгүйг онцолсон байна.
Бид өмнө нь улаанбурхан өвчний эсрэг вакцины талаарх хуурамч мэдээлэлд баримт шалгалтууд хийж байсан ба энэ вакцин нь аутизм үүсгэдэг гэдэг нь хуучирсан хуурамч мэдээллийн нэгэн жишээ юм. Бидний шалгасан мэдээлэлд тодорхой эх сурвалжийг дурдаагүй ба зөвхөн “судалгаа тайлан” гэх эх сурвалжгүй мэдээллийг эш болгосон байна. Харин хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн байгууллага болон өргөн хэмжээний судалгаагаар улаанбурхан өвчний эсрэг вакцин нь аутизм үүсгэдэггүй болохыг мэдэгдсэн.
Улаанбурхан өвчний үед халуурах, ханиалгах, нүдний салст улайх, үрэвсэх, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс (ХӨСҮТ) мэдэгдсэн ба зарим тохиолдолд шинж тэмдэг нь хүндрэн тархины үрэвслийн улмаас нас барах тохиолдол байдгийг ХӨСҮТ-өөс анхааруулжээ. 2025 оны 06 дугаар сарын 27-ны байдлаар Монгол улсад улаанбурхан өвчний 10,065 тохиолдолд батлагдсан болохыг ХӨСҮТ-ийн Нэгжийн дарга Н.Сувдмаа мэдэгджээ.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Сэтгэгдэл үлдээх