Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон хууль өнөөдрөөс хэрэгжинэ

.Graph
2025-07-01

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг бүрэн хориглох тухай Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2024 оны 5 сарын 30-ны өдөр Улсын Их Хурлаар эцэслэн батлагдаж, 2025 оны 7 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр болсон. 

Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсоноор 2023-2024 онд Монгол Улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаад улсад цахим мөрийтэй тоглоомын хэлбэрээр урссан нь ил болжээ. Энэ нь Монгол Улсын нэг иргэнд 485,000 төгрөг оногдох хэмжээний хөрөнгө юм.

Цахим мөрийтэй тоглоом нь олон мянган монгол өрхийн санхүүгийн хямрал, өр зээл, инфляц, гэр бүл салалт, сэтгэл гутрал, амиа хорлолт, ажилгүйдэл зэрэг нийгэм, эдийн засгийн ноцтой үр дагаврыг дагуулсаар ирсэн. Уг тогтолцоог хаах нь улсын валютын нөөцийн 10 хувийг хамгаалахтай тэнцэхүйц чухал шийдэл хэмээж буй.

Хуулийн гол заалтууд:

Зөвшөөрлийн тухай хууль:

1.5.20. Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

Зөрчлийн тухай хууль: 

10.1.6. Сурталчилсан, уриалсан иргэнийг 5000 нэгж, хуулийн этгээдийг 50,000 нэгж төгрөгөөр торгоно.

10.1.7. Цахим сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан сурталчилсан бол иргэнийг 10,000 нэгж, хуулийн этгээдийг 100,000 нэгж төгрөгөөр торгоно.

Эрүүгийн хууль: 

20.18.Цахим бооцоот тоглоом зохион байгуулсан этгээдийг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, эсвэл 6 сар – 3 жил хүртэл хорих ял онооно.

20.19. Төлбөр тооцооны данс, цахим мөнгө, харилцаа холбооны хэрэгсэл зэргийг удаа дараа ашиглуулсан этгээдэд торгууль, зорчих эрх хязгаарлалт, эсвэл хорих шийтгэл оноохоор тусгасан.

Хуулийн заалтуудыг хураангуйлан тайлбарлавал:

  • Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, сурталчлах, дэмжих бүхий л хэлбэр хориглоно
  • Зөрчил гаргасан этгээдийг торгох, зорчих эрх хязгаарлах, хорих шийтгэл ногдуулна
  • VPN ашиглан тоглосон ч хуулийн хариуцлага хүлээнэ
  • Цахим мөрийтэй тоглоом нь Монголд хуулиар бүрэн хориглогдсон гэмт хэрэг болсныг нийтэд анхааруулж байна.

Хууль хэрэгжсэнээр:

  • Монголчуудын хөрөнгө гадагш урсах урсгалыг зогсооно
  • VPN ашиглан хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ
  • Хувь хүн, хуулийн этгээдийг зөрчил, гэмт хэргийн хариуцлагад татна
  • Хөрөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно
  • Иргэдийг цахим залилан, донтолт зэрэг хохирлоос хамгаалах аж.

Иймд Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын аливаа хэлбэрээр эрхлэх, дэмжих, сурталчлах нь хууль зөрчиж буй үйлдэл болохыг нийтэд онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe