Н.Арвинтариа: Эвлэрүүлж болдоггүй маргаан, эвлэрч болдоггүй харилцаа гэж байдаг

.Graph
2025-07-01

Өнгөрсөн баасан гарагт буюу 6 сарын 27-ны өдөр “GEM mall” худалдааны төвд нөхөр нь эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөсөн гэх харамсалтай хэрэг гарсан. Албан бус мэдээллээр “Хосууд салах өргөдлөө өгсөн боловч шүүхийн эвлэрлийн хугацаанд байсан” гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Хүний эрхийн хуульч Н.Арвинтариа цахим хуудастаа шүүхийн эвлэрлийн хугацааны талаар байр сууриа илэрхийлжээ.

Хүний эрхийн хуульч Н.Арвинтариа: 

- Эвлэрүүлж болдоггүй маргаан, эвлэрч болдоггүй харилцаа гэж байдаг. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл!

Арван гурван жилийн өмнө нэг үйлчлүүлэгч маань шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацааг дуусгаад гэрлэлтээ цуцлуулахаар шүүх рүү явах замдаа нөхөртөө 12 удаа хутгалуулж амиа алдсан. Нөхөр нь өөрийгөө хутгалсан ч амьд үлдэж чадсан. Бяцхан хүү нь өнчирч үлдсэн. Нөхөр нь "Чи үхэж байж л надаас сална!" гэж заналхийлдэг байсан. Тэр зорилгоо биелүүлж, 23 жилийн хорих ял аваад шоронд явсан.

Монгол Улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа шинэчилж, хүчирхийлэл үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх болсон.

Гэтэл өнөөдөр ч дээрх асуудал давтагдлаа. Эхнэрээ гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасных нь төлөө ажлын байран дээр нь, олны нүдний өмнө 23 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн. Ард нь 3 хүүхэд ээжгүй үлдэв.

Энэ бол хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн амь нас ямар эмзэг, хамгаалалтгүй байгаагийн бодит жишээ.

Хүчирхийлэгчтэй эвлэрэхийг шаарддаг, бүрдүүлэхэд хэцүү  нотлох баримт шаарддаг тогтолцоо хохирогчийн амь насыг аюулд оруулж байна. Эвлэрэх хугацаа бол байнгын хүчирхийлэл, дарамтад байгаа хүний хувьд гарц биш, ХАВХ болдог.

ХОХИРОГЧИД ЭВЛЭРЭЛ БИШ ХАМГААЛАЛТ ХЭРЭГТЭЙ.

Наад зах нь шүүх:

  • Хүчирхийллийн шинжтэй гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлал хэрэглэхгүй байх; /гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно гэж хуульд заасан. (ИХШХШ тухай хуулийн 132.4)/
  • Нотлох баримтын уян хатан шаардлага тавих зохицуулалт бий болгох;
  • Хохирогчийг түр хамгаалах байранд холбон зуучлах, тусдаа амьдрахыг даалгах, яаралтай арга хэмжээ авах журам гаргах;
  • Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг "гэр бүлийн маргаан, хувь хүний асуудал" гэж үзэх хандлагаас ангижрах шаардлагатай байна.

ХОХИРОГЧ ТА ГАНЦААРАА БИШ. ТА ХАМГААЛУУЛАХ ЭРХТЭЙ.

Хүчирхийллийг мэдээлэх утас: 102, 107

Эмэгтэйчүүдийн түр хамгаалах байр, өмгөөлөгчид хандана уу. Хэрэв та мөнгөгүй бол Хууль зүйн туслалцааны төвд хандаарай" хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe