Л.Галбадар: Би чамаас илүү, давуу гэсэн үг, үйлдлээс гэр бүлийн хүчирхийлэл эхэлнэ

Ц.Чимэдцэеэ
2025-07-01

Салах өргөдлөө өгсөн байсан эхнэрээ хутгалж хороосон тухай өнгөрөгч амралтын өдөр олон нийтэд тарсан.

Гэр бүлийн зөрчилдөөнөөс үүдсэн эрүүгийн хэрэг нь ихэвчлэн хувийн, эмзэг мэдээллийн хүрээнд байдаг тул нууцлах шаардлагатай тулгардаг. Мөн бага насны хүүхэд, түүний халдашгүй хувийн байдал хөндөгдөх эрсдэл бий.

Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадарын ярилцлагыг хүргэе.

-Энэ төрлийн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд хэр төвөгтэй, хүнд байдаг вэ? Ямар ял шийтгэл оногдуулдаг вэ?

-Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг, зөрчилд тооцсон байдаг.

Зөрчлийн тухай хуулиар жишээлбэл, гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүнийг зодсон, хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, дундын болон хуваарьт хөрөнгө захиран зарцуулах эрх, бусадтай харилцахыг нь хязгаарласан гэх мэт дөрвөн төрлийн зөрчилд 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Эрх чөлөөг нь тодорхой хугацаагаар хасаад, гэр бүлийн хүчирхийлэлд шийтгэл оногдуулж байна гэсэн үг.

Эрүүгийн хуулиар зодох гэдэг зөрчил байнга давтагдаад байвал гэмт хэрэгт тооцдог. Байнга гэдгийг бид нар хууль зүйн шинжлэх ухааны ойлголтоор 3 ба түүнээс дээш удаа гэж ойлгодог.  Энэ маань өөрөө хорих ялтай гэмт хэрэг.

Хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг болоод бэлгийн эрх чөлөөний эсрэг зарим төрлийн гэмт хэргүүд дээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсвэл гэр бүлийн хамааралгүй харилцаатай хүний эсрэг үйлдсэн байвал ял шийтгэл хүндэрдэг.

Жишээлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд, хүнийг алсан байвал 12-20 жил. Мөн бүх насаар нь хорих ял оногдуулах ялын санкцтай.

-Нэлээн хүнд төрлийн гэмт хэрэгт тооцогддог байх нь?

-Тийм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай тухай хуулиар хүчирхийлэлд өртөж болох этгээдүүдийг хуулийн хамаарах хүрээнд оруулсан байдаг.

Тэгэхээр заавал гэрлэлтээ батлуулсан эхнэр нөхөр байх биш, хамтран амьдрагчид байж болно.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хамт амьдраад, дундаасаа хүүхэдтэй байдаг ч юм уу эсвэл эцэг эх, үр хүүхэд гээд төрөл садангийн харилцаа холбооны дотор бас энэ хуулийн үйлчлэлд бас хамаарч болно.

-Гэмт хэргийг хянан шийдвэрлэх, хэлэлцэхэд хүндрэл төвөгтэй нөхцөл байдал гардаг уу, тодорхой тохиолдол дээр бас жишээ авбал?

-Хүндрэлтэй нөхцөл байдал гэхээсээ илүүтэйгээр энэ төрлийн гэмт хэрэг өөрөө нуугдмал байдлаар их даамжирдаг нэг асуудал байна. Учир зүггүй хоорондоо зодолдож нүдэлдээд, бие биеийгээ алж хядчих гээд байдаг тохиолдлоос эхлэхгүй.

Эхлээд бага зэрэг хэрүүл уруул байдаг, дараа нь нэгнийгээ түлхээд авдаг ч юм уу, ингэснийхээ дараа гар хүрдэг, нэг удаа цохидог, зоддог, даамжирдаг.

Хэний зохиол гэдгийг нь би мэдэхгүй юм аа, “Тэр надад цэцэг бэлэглэсэн” гээд мэдэх нь бол мэднэ дээ. Хамгийн сүүлд тэр цэцэг өөрөө булшин дээр нь дуусаж байгаа юм л даа. 

Мөн хохирогч өөрийгөө буруутгах, нөгөө хүний хүчирхийллийг байх ёстой зүйл мэтээр хүлээж авах нь хандлага, нөхцөл байдал бий. Тэгээд “би гомдолгүй ээ, ямар нэгэн асуудал байхгүй ээ” гэдэг.

Яг хэрэг хэлэлцэж байхад, шалгах ажиллагааны үед ч юм уу, прокурорын шатанд ч юм уу “ерөөсөө тийм юм болоогүй” гэх мэтээр мэдүүлгээсээ буцдаг тохиолдол гарч байна.

Эхнэр нөхөр, эрэгтэй, эмэгтэй хүн гэхээсээ илүүтэйгээр хамгийн аймшигтай нь хүүхэд хохирч байдаг. Хүүхэд өөрийнхөө эрхийг хамгаалж, тусламж авах тэр боломж нь маш хязгаарлагдмал шүү дээ.

Тэгэхээр хамгийн гол нь гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдэж байгаа бол цагдаагийн байгууллагад ч юм уу, хүүхэд хамгааллын 108 утас руу залгаж мэдэгдэх хэрэгтэй.  

Гэр бүлийн хүчирхийллийн золиос болоод амь насаа алдсан хүүхдүүд олон бий. 

Эрүүгийн хууль Зөрчлийн хуулиар бол илүүтэйгээр бие махбод бэлгийн хүчирхийллийг хуульчлаад байгаа юм. Гэтэл үүний ард сэтгэл санааны хүчирхийллийн асуудлууд яригдаж байдаг. Үл хайхрах хүчирхийллийн хэлбэрүүд яригдаж байдаг. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэдэг маань маш өргөн хүрээтэй ойлголт.

Гэтэл манай зарим нэгэн уламжлалт сэтгэхүйгээр эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг үгээр хаадаг. Энэ ойлголт хэр зохистой вэ.

Жигтэйхэн сайхан амьдралтай юм шиг харагддаг, боловсролтой, мундаг ажилтай, карьертай хэрнээ гэр бүлийн хүчирхийлэлтэй байх тохиолдол байдаг шүү дээ. Наанаас нь харахад хэн ч тэр хүнийг гэр бүлийн хүчирхийлэгч гэж харахааргүй. Гэтэл яг гэртээ орохдоо шал өөр хүн байдаг тохиолдлууд ч байна.

Тэгэхээр далд, нууц далд хэлбэрт байдаг учраас мэдээлэх нь өөрөө хамгийн чухал. 

Нөхөртөө их олон жил одоо зодуулснаасаа болоод тахир дутуу болоод, тархины хүнд гэмтэл авч, нөхөн сэргээгдэхээргүйгээр эд эрхтнээсээ хагацчихсан тохиолдлууд бий шүү дээ.

Нөхөр эхнэрийнхээ гарыг хугалчхаад, бороолж амжаагүй байхад нь дахин дахин хугалсаар байгаад гарын нэг хэсэг огт ясгүй болоод, үндсэндээ нэг гаргүй болчхож байна.

Тэгэхээр хортой харилцаанаас эхлээд байж болох хамгийн үнэт зүйлээрээ хохирох хүртэл явдаг.

-Шүүгчийн хувьд ийм тохиолдлууд шийдвэрлэхэд хэцүү байдаг байх. Нөгөө талаас яах урьдчилан сэргийлэх ёстой юм шиг санагддаг вэ?

-Би зүгээр хуульчийнхаа хувьд, шүүгчийнхээ хувьд за хувь хүнийхээ хувьд ч бодохдоо гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ойлголт хүүхэд байхаас нь суудаг.  Хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхэд нэг бол өөрөө гэр бүлийн хүчирхийлэгч болдог эсвэл хохирогч болох эрсдэлтэй.

Гэхдээ би заавал тийм болдог гэж байгаа биш шүү. Эрсдэлтэй.

Гэмтлийн эмнэлгийн эмч нар гэмтэл хараад нэг их цочирддоггүй биз дээ. Бид гэмтэлтэй хүн харах юм бол бөөн цус нөж, цочирдоно. Үүнтэй адил.

Амгалан тайван, хайр бялхсан эрүүл өссөн хүүхэд илүү дөлгөөхөн зөөлхөн. Нэг хүн чанга дуугарахад тавгүйтдэг тэ? Өөрөө тэр амгалан тайван байдлыг хүсдэг хүн чинь мэдээж тийм орчноо л бий болгоно шүү дээ.

Үндсэндээ хүүхэд байхаасаа хүчирхийллийг гэр бүлийн харилцааны нэг хэсэг гэж ойлгоод байна шүү дээ. Хүчирхийллээс хүчирхийлэл бий болдог.

Хүүхдээ зөв хүмүүжүүлэхээс л хамаг юм эхэлж байна.

Хоёрдугаарт, эрэгтэй эмэгтэй 2 хүнд гэр бүлийн дотор тэгш эрхтэй гэдэг хуулийн заалт бий. Харилцаанд аль нэг нь давамгай болоод эхлэх л юм бол тэр гэр бүлийн харилцаа эрүүл биш.

Би чамаас илүү гээд л эхэлнэ. Янз бүрийн байдлаар илүүгээ харуулж болно. Биеийн хүчний хувьд, ажил албан тушаалын хувьд, цалин орлогын хувьд. Ямар нэг байдлаар давуу гэдгээ нөгөө хүндээ мэдрүүлээд байх нь байна.

Үүнийгээ тэр хүнийхээ сэтгэл санаанд дарамт байдлаар учруулаад, бие махбодод халдаад, өмч хөрөнгө, цалин цавааг нь хянаад, өөр бусадтай харилцах хэрэгсэл энээ зэрэг, тэр болгон руу нь хяналт тогтоогоод, хардаад эхэлдэг.

Энэ чинь үндсэндээ сэтгэцийн хувьд хүнийг эрүүл биш байгааг илтгэж байна. Бие биедээ итгэхгүй бол заавал удаан үргэлжлүүлэх ямар шаардлага байгаа юм бэ? Эртхэн дээрээ энэ асуудлаа шийдэх ёстой.

Шүүх дээр орж ирдэг хэргүүд бол тэрэнтэй хардсан, энэнтэй хардсан гэдэг шалтгаанууд дийлэнх нь бий.

Анзаараад байхад гэр бүлийн хүчирхийлэгч нэг өдөр их сайн хүн болчихно. Арай олон хоног сайн хүнээр явж байгаад 1, 2 өдөр их муу хүн болоод, тэгээд сайн хүн болоод энэ дотор хохирогч өөрөө төөрөлддөг, эргэлзэх нь байна шүү дээ тэ. Дандаа ингэдэггүй юм даа гэж бодоод л уучлаад байдаг.

-Урт хугацаандаа хамгийн муугаар бодоход дээрх харилуаа гар хөлөө хугалуулдаг, амь насаа алдахад хүрэх нь?

-Үгүй ээ тэгээд, гар хөлөө хугалуулаад амь насаа алдахгүй юм аа гэхэд хүн насан туршдаа гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд амьдарна гэдэг өөрөө их харамсалтай шүү дээ. Хамт амьдарч байгаа хүнээсээ айж амьдарна гэдэг чинь их утгагүй хэрэг.

Ингэвэл уурлачих болов уу, ингэвэл намайг цохиод авах болов уу, би ийм үйлдэл хийснээс болоод энэ хүнийг уурлуулчхав уу? үүнээс болж хэрүүл гарав уу гэсэн айдас…

Бавуугийн Лхагвасүрэн гуай хэлдэг шүү дээ “Би нэг их алдааг олж харахаа больчихдог” гээд. Яг тэр шат руугаа орохын тулд их эрүүл харилцаа байж тийм болох байх.

Тэгэхгүй жижигхэн юман дээр нь ч өөлөөд л, гоочлоод л, хэрүүл уруул хийгээд л байвал гэр бүлийн хүчирхийлэл гэдэг рүү л явна. Дахин хэлэхэд ерөөсөө л маш бага зүйлээс эхлээд даамжирсаар их ноцтой үр дагаварт хүргэдэг шүү.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe