Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сэнтийд залраад удаагүй байгаа Ч.Ундрам сайд Төрийн ордонд “Хувцасны хувьсгал” гэх нэртэй хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Чухамдаа уг хэлэлцүүлэг нь “Mongolian fashion week-2025” гэх арга хэмжээний хүрээнд болж байгаа аж. Уг арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл урлагийн газар, Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци, Сүхбаатар дүүрэг зэрэг төрийн байгууллагууд дэмжин ажиллаж байгаа аж.
Ийнхүү өнгөрсөн ба одоо, дэлхийн хөгжил, алсын хараа гэсэн 3 дэд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, үр дүнд нь хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлсон юм байх. Бүр тодруулбал, үндэсний өв соёл, инновац шингээсэн тогтвортой, түүхий эд, хувцас үйлдвэрлэл, загварын салбараар дэлхийд танигдах алсын харааг тодорхойлсон гэж онцолжээ.
Мэдээж аливаа улс орон соёлын бүтээлч үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Ийм хэлэлцүүлэг ч оёдол, гар урлал, хувцас загварын салбарынханд хэрэгтэй байсан байж болно.
Гэхдээ хувцас загвар, үйлдвэрлэл бол хувь хүний эрх чөлөө, сэтгэлгээ өөр өнцөг, ондоошил дундаас зах зээлийн зарчмаар хөгжих учиртай салбар. Энэ мэт хувь хүнээс шалтгаалдаг, цэвэр сэтгэхүйн эрх чөлөөний талбар руу төр хошуу байтугай сүүдрээ ч дүрэх нь утгагүй хэрэг.
Нэмэгдэхүүний байр солилоо ч нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдгийн жишээ Соёлын салбарт биелэх юм биш биз дээ.
Сэтгэгдэл үлдээх