Төсвийн тодотгол биш урсгал зардал нэмсэн төслийг эсэргүүцэж байна

.Graph
2025-07-03

Төсвийн мөчлөг сөрсөн буюу орлоготой байх үедээ ирээдүйд учирч болох эрсдэлийг даван туулах хуримтлал үүсгэж, хэрэглээгээ хэт өөдрөгөөр нэмэхгүй байх бодлого барих талаар бараг өнгөрсөн 20 жил ярьсан ч хэрэгжүүлэлгүй ирсээр өнөөдөр УИХ, Засгийн газар дахиад л төсвийн тодотголтой нүүр тулж байна. 2025 онд нүүрнсий үнэ тонн тутамдаа 105 ам.доллар байна гэж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэт өөдрөгөөр орлогоо төсөөлж, зардлаа өндөр төлөвлөсөн. Харамсалтай нь энэ оны эхний таван сарын дунджаар нүүрсний үнэ 72 ам.доллар буюу төлөвлөснөөс 32% унаснаар төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 3.3 их наяд төгрөгөөр тасрахад хүрээд байгаа юм. 

Иймд шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн тодотгол хийх төсөл өргөн барихдаа 2025 оны төсвийн зарлагыг батлагдсан хэмжээнээс 1.8 их найд төгрөгөөр бууруулахаар оруулж ирснээс урсгал зардлын дүнг 1.3 их наяд төгрөгөөр багасгахаар тусгаад буй. Харин орлогыг 3.9 их наяд төгрөгөөр бууруулахаар тусгаж оруулж ирсэн ба өнөөдөр хэдийн 3.3 их наяд нь дутчихаад байгааг дахин сануулъя.

Шинэ Ерөнхий сайд өргөн барихдаа танилцуулсан төсвийн төсөл аминд тулсан нэн шаардлагатай төсөл мөн үү гэвэл мөн. Гэвч агуулгын хувьд бүрэн тодотгол болж чадаагүйг Аудитын дүгнэлт, Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлэг, Ажлын хэсгийн санал өгсөн царайнаас харагдаж байна. Ахиад л байгаа онохгүй таналт, баахан урсгал зардал нэмэх саналууд хэлэлцүүлгийн явцад орж ирэв. Эндээс урсгал зардал нэмэгдүүлэх саналыг харвал: 

  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас татаж авсантай холбогдуулан холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 1,144 сая буюу 1.4 тэрбум төгрөгөөр;
  • Хүний эрхийн үндэсний комиссын даргын урсгал зардлыг 1 тэрбум төгрөгөөр;
  • Гэр бүл, хүүхдийн хэрэг маргааныг шийдвэрлэх анхан болон давж заалдах шатны шүүхийг шинээр байгуулах бэлтгал ажлыг хангахад шаардагдах зардалд зориулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн урсгал зардлыг 12.58 тэрбум төгрөгөөр;
  • Олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд Монголын талын хариуцах зардал буюу Монгол-Германы хамтарсан Технологийн дээд сургуулийн татаасыг
  • 517.5 сая төгрөгөөр, Монгол-Япон эмнэлгийн татаасыг 1.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн Боловсролын сайдын урсгал зардалд нийт 2.1 тэрбум төгрөгийг нэмж тусгах;
  • Мөнгө угаах, хөрөнгө буцаах, үндэстэн дамнасан болон авлига албан тушаалын хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой болон прокурорын байгууллагын гэрээгээр хүлээсэн зарим зардлыг санхүүжүүлэхэд зориулж Улсын еренхий прокурорын урсгал зардлыг 1.3 тэрбум төгрөгөөр;
  • "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт "Дотоод хэргийн их сургуулийн шинжлэх ухаан, инновацын чадавхыг нэмэгдүүлнэ" гэж заасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн урсгал зардлыг 458 сая төгрөгөөр,
  • 2025 оноос хос бичигт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхтэй холбогдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны урсгал зардлыг 936.7 сая төгрөгөөр;
  • Говийн бүс нутгийг усжуулах, усан хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд хийгдэх судалгаа, шинжилгээний зардлыг 230 сая төгрөгөөр;
  • Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн үйл ажиллагааны урсгал зардалд зориулж Улсын дээд шүүхийн урсгал зардлыг 1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх гэсэн саналыг Ажлын хэсэг буюу УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ж.Алдаржавхлан нарын 19 гишүүн гаргажээ. 

Эдгээрийг харвал аминд тулсан, нэн шаардлагатай гэж харах урсгал зардал бараг алга. 

Төсвийн нийт зардлыг 1.8 их наяд биш, 3.7 их наяд төгрөгөөр бууруулах шаардлагатай 

Монгол Улс гэдэг айл сар тутмын орлогоо 40 хүртэл хувиар хэдийн алдчихсан атлаа нэн шаардлагатай бус зардлуудаа хасахгүй, өөр зардал болгон хувиргаж, эсвэл өөр нэг зардлыг өсгөж байгаа нь чанарын хувьд ялгаагүй гэж харагдаж байна. 

Төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг батлагдсан төсвөөс 1.8 их наяд төгрөгөөр бууруулахаар тусгасан хангалтгүй гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэчихсэн. Харин ч үүнээс хоёр дахин их буюу 3.7 их наяд төгрөгөөр бууруулах шаардлагатай ба бүрэн боломжтой гэж үзсэн. Энэ таналтыг татаас ба урсгал шилжүүлгээс тооцон гаргах нь оновчтой болохыг нь чиглүүлээд өгчээ. Учир нь урсгал шилжүүлгийн зардлын дүн бараг 12 их наяд төгрөг байгаа ба тодотголоор энэ дүнг ердөө 95.4 тэрбум төгрөгөөр л бууруулсан байна.

Хөгжиж байгаа орнуудын төсвийн нийт зардлын ДНБ-д эзлэх хувь 20-25 хувь байдаг бол манай улсынх өнөөдөр хасаад танаад 35.1 хувьд байгаа хэт үрэлгэн байгаагийг илрэл. Үүнээс гадна төсөвлөж, төвөлсөн ажлаа хугацаанд нь хийж ч чадахгүй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл санхүүжилтийн дүнгээр зургаадугаар сарын 24-ний байдлаар л гэхэд дөнгөж 12 хувьтай байгаа нь үнэхээр хангалтгүй үзүүлэлт мөн.

Хөрөнгө оруулалтын төслүүдийг 500 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой 

Төсвийн тодотголоор Засгийн газрын 14 мега төслийн дөрвөн төслийг үргэлжлүүлж, тавыг нь түр хойшлуулж, бусдыг нь төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тооцсон нь олон нийтэд таалагдаж байгаа. Гэвч бусад хөрөнгө оруулалтаа ач холбогдлоор нь эрэмбэлж чадаагүй төсөл оруулж иржээ. 

Тухайлбал, нэн шаардлагатай биш хөрөнгө оруулалтаас доор дурдвал: 

  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын тоног төхөөрөмж 358.9 сая төгрөг
  • УИХ-ын Тамгын газрын тоног төхөөрөмж 8.6 тэрбум төгрөг
  • Ерөнхий сайдын төсвийн багц дахь Газар зохион
  • байгуулалт, геодези, зураг зүйн газрын тоног төхөөрөмж 1.4 тэрбум төгрөг 
  • Эдийн засаг, хөгжлийн яамны их засвар 2.3 тэрбум төгрөг 
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа
  • байгууллагуудын их засвар, тоног төхөөрөмж 3.3 тэрбум төгрөг, 
  • Гадаад харилцааны салбарын их засварын зардал 8.4 тэрбум төгрөг,
  • Хууль зүй, дотоод хэргийн салбарын тоног төхөөрөмж 13.3 тэрбум төгрөг, 
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын тоног төхөөрөмж 13.4 тэрбум төгрөг, 
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн багц дахь шинээр хэрэгжүүлэх барилга байгууламжуудын зардал 54.5 тэрбум 
  • Авлигатай тэмцэх газрын их засвар 960.7 сая төгрөг гэхчлэн төсвийн хөрөнгө оруулалтыг л гэхэд 500 гаруй тэрбум төгрөгөөр хойшлуулах боломжтой байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэжээ. 

Том зургаараа бол Монгол Улсын Засгийн газрууд, УИХ өнөөг хүртэл төсвийн хүндрэлийг тодотголоор л давж ирэв. Тэд бодлого төлөвлөлт оновчтой хийж чадахгүй байгааг төсвийн энэ их үрэлгэн зардал, алдагдал, өр тоогоор нотлон харуулж буй. Эдийн засгийн өсөлт 2025 оны эхний улиралд 2.4 хувь хүртлээ буурчхаад байхад дорвитой арга хэмжээ авалгүй хагас жилийг нь өнгөрөөчихлөө. Учирч болзошгүй хүндрэлийг давах, эрсдэлийг тооцох гэж л төсвийг төлөвлөж, хуульчлан баталдаг билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe