НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх Интегра” санаачилга болон “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах Оролцоо” төслүүдийн хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 24 төслийг танилцуулах нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болсон.
Монгол Улсын хэмжээнд төрийн үйлчилгээний шударга, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоог хангахад чиглэсэн эдгээр төслүүдийг Люксембург, Дани, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгээр НҮБХХ-ийн Санхүүжилтийн Цонх механизмаар дамжуулан хэрэгжүүлж байна.
Интегра санаачилгын хүрээнд шалгарсан төслүүд нь эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг дэмжин, шударга байдлыг хангахад чиглэсэн шинэлэг шийдлүүдийг туршиж, хэрэгжүүлэх бол, Оролцоо төслийн хүрээнд шалгарсан төслүүд нь иргэний оролцооны хурдасгуур механизмуудыг туршиж, шийдвэр гаргах үйл явцад олон нийтийг оролцоог хангах бодлогын түвшний шинэчлэлүүдэд хувь нэмэр оруулах юм.
Нээлтийн арга хэмжээнд холбогдох яамд, агентлагууд, орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, хэвлэл мэдээлэл, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, төслүүдийн зорилго зорилт, хүлээгдэж буй үр дүн, цаашдын хэрэгжилтийн арга замуудыг хэлэлцлээ.
“Төрийн үйлчилгээг төлөвлөх, шийдвэр гаргах үйл явцад ард иргэдийг оролцуулах нь төрийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх суурь юм. Энэхүү тэтгэлгүүд нь засаглал, нийгмийн шударга ёсыг сайжруулахад чиглэсэн орон нутгийн дуу хоолой, санал санаачилгыг илүү хүчтэй болгож өгнө” хэмээн Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал онцоллоо.
Интегра ба Оролцоо тэтгэлэгт хөтөлбөрт Монгол орны өнцөг булан бүрээс 90 гаруй төслийн санал ирснээс 24 төсөл шалгарчээ. Тэдгээр төсөлд нийт 200,000 гаруй ам.долларын тэтгэлэг олгогдож, төслүүд 2025 оны 7 дугаар сараас 2026 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжих юм.
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Дашпүрэв “Уул уурхайн салбарт ил тод, хариуцлагатай, тогтвортой шийдэлд хөрөнгө оруулалт хийх нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, урт хугацааны хөгжилд чухал нөлөөтэй. Энэ нь байгалийн нөөцийн тогтвортой менежментийг сайжруулах бодит алхам юм” гэж мэдэгдлээ.
Эдгээр төслүүд нь залуус, эмэгтэйчүүд, орон нутгийн иргэд болон эмзэг бүлгийн оролцоог нэмэгдүүлэх замаар нийгмийн бүхий л гишүүдийн эрх тэгш, хүртээмжтэй оролцоог хангаж ажиллана.
Монгол дахь НҮБХХ-ийн Уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн Эдийн засагч Фируз Сайдхаджаев “Нийгэмд бодит өөрчлөлт, ахиц дэвшлийг бий болгоход нягт түншлэл, хамтын хариуцлага шаардлагатай.
Энэхүү тэтгэлгүүд нь орон нутгийн болон үндэсний оролцогчдын санаачилгуудыг дэмжиж, төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшил, орон нутгийн иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх болно. Хамтын ажиллагааны үр дүнд бид хүн бүрд хүртээлтэй, хариуцлагатай, тогтвортой тогтолцоог бэхжүүлж чадна” гэв.
Нээлтийн үйл ажиллагааны дараагаар шалгарсан төслүүд оролцоо, шударга байдал, жендерийн чиглэлээр чадавх бэхжүүлэх сэдэвчилсэн сургалт, семинаруудад хамрагдлаа.
Интегра санаачилга
Интегра санаачилга нь нь Ази, Африкийн 4 оронд хэрэгжиж буй бөгөөд нийтийн баялгийг тэгш хүртээмжтэй, ил тод захиран зарцуулах үйл явцыг сайжруулахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Тус санаачилга нь төрийн байгууллагуудын үр ашиг, хариуцлагыг нэмэгдүүлэх замаар шударга байдал, ёс зүйн зарчмыг бэхжүүлэх зорилготой. Монгол Улсад энэхүү санаачилгын хүрээнд олборлох салбарын засаглалыг сайжруулахад чиглэсэн шинэлэг шийдэл, арга хэрэгслийг туршин хэрэгжүүлэх зорилгоор Интегра тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна.
Оролцоо төсөл
“Оролцоо” төсөл нь Ази, Африкийн 5 оронд хэрэгжиж буй бөгөөд иргэдийн оролцоонд тулгуурласан бүтцийн шинэтгэлийг дэмжих зорилготой. Төсөл нь иргэний орон зайн зохицуулалтын орчныг сайжруулах, оролцооны дэд бүтцийг хөгжүүлэх, иргэний нийгмийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана. Монгол Улсад оролцооны шинэлэг арга хэрэгслүүдийг туршин нэвтрүүлэхэд чиглэсэн “оролцооны хурдасгуур” болох санаачилгуудыг дэмжихээр Оролцоо тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. “Интегра ба Оролцоо” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих бүхий л төсөл, үйл ажиллагаа нь эмэгтэйчүүдийн оролцоо, жендерийн тэгш байдлыг хангаж ажиллах юм.
НҮБХХ-ийн Хүн төрөлхтөн ба Эх дэлхийн Засаглал Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хэрэгжих Интегра Санаачилга нь байгаль орчны тогтвортой байдал, хүйсийн тэгш байдал, бүх талыг хамарсан өсөлтийн гол цөм болох засаглалыг дэмжих замаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд хувь нэмрээ оруулах юм.
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
Сэтгэгдэл үлдээх