Хуульч О.Батхүү нарын мэдэгдлээр Үндсэн хуулийн цэц Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн.
Ийнхүү дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "... үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, ... өмчлөх ... эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн хэмээн 06 дугаар дүгнэлтээ танилцуулсан.
Чуулганы нэгдсэн хуралдаанаас тус дүгнэлтийг хүлээн авсан. Ийнхүү зургаадугаар сарын 6-аас эхлэн түдгэлзүүлсэн тус заалт хүчингүй боллоо.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Дээрх зохицуулалт нь татгаваас зайлсхийх зорилгоор хоёр гэрээ байгуулдаг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хязгаарлах зорилготой байсан. Иймд аль аль талаа бодолцож, үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр оновчтой шийдэл хэрэгтэй" гэдгийг сануулж байлаа.
Сануулахад, Хуульч О.Батхүү Цэцэд хандах үеэрээ дээрх заалт нь "Та хоёр өрөө байраа 150 сая төгрөгөөр авсан байлаа гэж бодъё. Тэр байраа хямдруулаад, 120-130 сая төгрөгөөр заръя гэвэл нэр шилжүүлэхгүй. Улсын бүртгэлийн байгууллага таны худалдан борлуулах гэрээг хүлээн авч бүртгэхгүй гэсэн үг" хэмээн тайлбарлаж байсан юм.
Сэтгэгдэл үлдээх