МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэд захирал асан, доктор, профессор Эрдэнэдалайн Гүргэмжав Монгол Улсын Гавьяат багш цолоор шагнуулжээ.
Тэрбээр МУИС-д 40 жил ажиллахдаа багш, орлогч декан, тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны дарга, МУИС-ийн санхүү, нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал зэрэг албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд 2012 онд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 2002 онд алтан гадас одонгоор тус тус шагнуулж байсан аж.
Э.Гүргэмжав багшлах хугацаандаа “Гадаад худалдаа”, “Гадаад худалдааны эдийн засаг зохион байгуулалт”, “Олон улсын худалдаа”, “Аялал жуулчлалын маркетинг” сурах бичгийг бие даан бичихийн зэрэгцээ, “Худалдааны эдийн засаг-зохион байгуулалт” ном , “Хөдөлмөрийн бүтээмж, үр ашиг” товхимол, “Зах зээл-худалдаа”, “Маркетингийн үндэс” ном бичихэд оролцож, их дээд сургуулийн сургалтад нэн шаардлагатай мэргэжлийн сурах бичиг, гарын авлага зохиох ажилд нөр их хүч хөдөлмөр гарган ажиллажээ.
Эдгээрээс гадна мэргэжлийн ангиудын сургалтад зориулан “Худалдааны эдийн засаг, төлөвлөлт”, “Гадаад худалдааны эдийн засаг, зохион байгуулалт”, “Маркетинг”, “Олон улсын худалдаа”, “Хэрэглэгчийн зан төлөв”, “Олон улсын маркетинг” зэрэг хичээлүүдийн хөтөлбөр, Олон улсын худалдаа, маркетингийн мэргэжлийн хичээлийн багц зэрэг олон тооны сургалтын материал боловсруулж, сургалтын практикт нэвтрүүлсэн байна.
Э.Гүргэмжав багшлахын сацуугаар эрдэм шинжилгээний ажилд санаачилга зүтгэлтэйгээр оролцож, өөрийн сонгосон сэдвийн дагуу эрдэм шинжилгээний 7 ажлыг дуусган үйлдвэрлэлд шилжүүлж, ном сурах бичиг 19, сургалтын гарын авлага 16-г ганцаараа болон хамтран бичиж, эрдэм шинжилгээний бага хуралд 28 удаа илтгэл тавьж хэлэлцүүлсэн ба аргачлал зөвлөмж 6-г үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм.
Түүнчлэн эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл, сурталчилгааны 20 гаруй өгүүлэл нийтлүүлснээс гадна 78 оюутны эрдэм шинжилгээний ажил, 75 оюутны дипломын ажил, 30 магистрын ажил удирдаж, 3 докторантын дэд докторын ажлыг удирдан амжилттай хамгаалуулсан байна.
Үүний зэрэгцээгээр тэнхимийн багш нарын мэргэжлийн түвшинг дээшлүүлэх талаар байнга анхааран ажиллаж ирсний дүнд тус тэнхимийн багш нарын 50 хувь нь дэд доктороос дээш зэрэг, цолтой болсон ба үлдэх хувийг магистрын зэрэгтэй багш нар болгоход өөрийн хувь нэмрээ оруулжээ.
Сэтгэгдэл үлдээх