Энэ жилийн наадмын нээлтэд “The Mongolz” тэргүүтэй тив дэлхийд улсынхаа нэрийг цуурайтуулсан эрхмүүдийг урина

.Graph
2025-07-08

Эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж, олон олон ялалт, амжилтын эзэн болсон Монголын яруу алдарт тамирчид, уран бүтээлчдийг Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцдог болгох санаачилгыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан гаргажээ. 

Ийнхүү энэ жилээс эхлэн тив дэлхийд Монголынхоо нэрийг цуурайтуулж буй эрхмүүдийг наадмын нээлтэд албан ёсоор урьж байхаар боллоо. 

2025 оны хувьд Монгол Улсын нэр хүнд, итгэл үнэмшил, үнэ цэнийг дэлхий дахинд нотлон харуулсан гайхамшигтай залуус, тамирчид, уран бүтээлчид олон байв. Тэдний дундаас дараах эрхмүүдийг наадмын нээлтэд урьжээ. 

Уригдсан зочид:

  • “The Mongolz” цахим спортын баг - Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, дэд байр эзэлсэн.
  • Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг - “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
  • И.Цэлмүүн - Шатрын өсвөрийн дэлхийн тэмцээнээс Монгол Улсын анхны медалийг эх орондоо авч ирсэн.
  • Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд холимог төрөлд багаараа хүрэл медаль авсан тамирчид.
  • Х.Тэргэл - Дартсын өсвөр үеийн “ADVANCED TOUR-2025” тэмцээнд тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг тэргүүлсэн.
  • Г.Хүслэн - Дэлхийн математикийн тэмцээнд түрүүлж, Монголын нэрийг өндөрт өргөсөн.
  • “ALPHA GAMING” баг - PUBG MOBILE-ийн Азийн аваргаа баталж, дахин аваргаар тодорсон.
  • Т.Элбэгжаргал - 25 гаруй орны 500 хүүхдийн дундаас 1-р байр эзэлсэн.
  • Э.Аялгуу - Ой тогтоолтын дэлхийн аваргаас тав дахь “Алтан цом”-оо хүртсэн.
  • “Монте Карло–47” циркийн наадамд онцгой амжилт үзүүлсэн Монголын уран бүтээлчид.
  • Ардын жүжигчин Э.Амартүвшин - “Дэлхийн шилдэг баритон” дуучнаар шалгарсан.
  • Залуу уран бүтээлч MAGNET BRAIN - “Berlin Music Video Awards”-аас “Шилдэг дуу” шагнал хүртсэн.
  • Г.Гансүлд - “Città di Barletta” хөгжмийн олон улсын уралдаанаас тэргүүн цом хүртсэн.
  • Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртсэн Монгол тамирчид.
  • А.Түвшинбаяр - “Чимээгүй хотын жолооч” киноны гол дүр  “Osaka Asian Film Festival” кино наадмаас “Шилдэг жүжигчин”-ий шагнал хүртсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe