Төрийн ордонд төсвөө тодотгохын сацуу Эдийн засгийн асуудал, шийдлээ хэлэлцэн чууллаа. Өнөөх л хөрөнгө оруулалтыг татна, хөрөнгө оруулалтын хуулиа шинэчилнэ гэх үгс дээр дооргүй хөвөрч, сүлжилдэн торлохын цаана бодит байдал өөр байна.
Ордоноос гараад хоёр алхмын зайд төслийнхнийг жадлан эсэргүүцэж, чулуудан хөөж буй.
Гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулагч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчдээ ийнхүү залхаан цээрлүүлчихээд өнгөндөө өөр зүйл ярих Монголын төр хоёр нүүртэй.
Монгол Улс зэс, алт, нүүрс гэсэн 3 эрдэс бүтээгдэхүүнээ зарж, олсон мөнгөөрөө хүүхдийн мөнгөө олгож, төрийн албан хаагч, эмч, цагдаа нарынхаа цалинг өгдөг эмзэг эдийн засагтай улс. Ялангуяа манай улсын экспортын орлогын гол түүхий эд болсон нүүрс энэ удаа итгэл алдаж, төсөв 3,3 их наяд төгрөгөөр тасарсан тул 2025 оны төсвөө дахин тодотголоо. Бид сүүлийн 35 жил эдийн засгийг солонгоруулах талаар амаа чилтэл, ярьж, чуулж байгаа.
Дөнгөж өчигдөрхөн 12 удаагийн Монголын эдийн засгийн чуулган төрийн ордонд олон зуун хүнийг цуглуулан гадаад, дотоодын бизнесийнхэн, ОУ-ын донор байгууллагыг урьж, сүртэйхэн хуралдлаа.
Гол сэдэв өнөөх л хөрөнгө оруулалтыг татна, хөрөнгө оруулалтын хуулиа шинэчлэхтэй холбогдож байв.
Чуулгантай давхцаж Халзан бүрэгтэй төслийн талаар сонсгол зохион байгуулах эсэх асуудлыг хөндлөө. Хэрэгжиж эхлээгүй төслийн сонсгол процесс талаасаа хачирхалтай.
Халзан бүрэгтэй төслийнхөн хоёр дахь удаагаа Ховд аймгаас хөөгдөн хотод ирээд буй. Угтаа бол энэхүү төсөл газрын ховор, чухал ашигт малтмалын илэрц байгаа эсэхийг нарийн нягтлах зорилготой хайгуул хийх гэж очоод удаа дараа хөөгдөж байгаа нь энэ юм.
Хууль зөрчөөгүй эдийн засаг талаасаа уур уурхайн өөр баялгаа эрж хайх гэсэн нэр бүхий төсөл ийнхүү 3 жил гацсан.
Ховд аймгийн Мянгад суманд орших ба 20 гаруй илэрцийн нэг. Уг төсөлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 200 сая гаруй ам.долларын ажлууд хийгдээд байгаа. Газрын ховор элемент нь та бидний өдөр тутамдаа ашиглаж байгаа гар утас, зай хураагуур зэргийн гол орц бөгөөд дэлхий даяар газрын ховор элементийг олборлох хайх, үйлдвэрлэлд ашиглахын төлөөх өрсөлдөөн өрнөж байгаа билээ.
Төслийнхөн удтал дээрэлхүүлж явсаар ам нээжээ
Бид төсвийн удирдагчаар төслийн урьдчилсан ТЭЗҮ хийлгэсэн. Эцсийн ТЭЗҮ-ээ хийлгэж байна. Өнөөдөр явагдаж байгаа Монголын эдийн засгийн форумаар нүүрснээс бусад газрын ховор элементээ ашиглах талаар ярьж байна. Нүүрсийг бид гуравдагч улс руу экспортолж чадахгүй. Энийгээ улс мэдээд байгаа. Гэтэл ордонд ярьж байгаа яриа газар дээрээ нөхцөл байдал тэс өөр байна.
2025 оны 4 сард Алт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд тогтоол ҮГ гаргасан. Хууль ёсоор ажиллаж байгаа ААНБ-ийн эрх ашгийг хамгаалахыг цагдаад даалгасан. Гэтэл онд 1-р сард 5-р сард манай гэрийг буулгаж, ажилтныг маань зодсон. Араас нь цагдаа шүүх ажиллахгүй, тоодоггүй. Иргэд ингэж болдог юм байна л гэж бодож байгаа. Увсад бас ийм үйл явц өрнөлөө. Энэ чинь цаашаа давлагаална ш үү дээ. Бид цагдаагийн байгууллагад 7-8 гомдол гаргасан. Үүнээс 4-5 гомдол нь 150,000 төгрөгөөр торгоно. Торгуулийн мөнгөө төлөх эсэхээ 6 сарын дараа шийднэ. Ингээд бид хэзээ ажиллах боломжтой юм бэ?
Бид дулааны удиралд ажлаа хиймээр байдаг. Монголд явж байгаа ганц газрын ховор элементийн ганц төсөл шүү дээ. Ураны төсөл ч гэсэн нүүрстэй өрсөлдөхгүй ч бусад эрдэс баялгаа олборлох, төслөө явуулах хэрэгтэй байна шүү дээ. Төрөө бид юу ч хүсээгүй. ЗГ гаргасан шийдвэрээ газар дээр нь хэрэгжүүлэхэд анхаарахгүй бол бидэнд маш хүндрэлтэй байна. Төрөөс бид мөнгө гуйгаагүй, тогтвортой төслөө ажиллуулах боломжоор хангаад өгөөч ээ гэж хүсэж байгаа.
“Ингээд харвал ЗГ гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахгүй төлөө ажиллахгүй бол нэг гараараа хөрөнгө оруулагчдыг дэмжинэ, урьж байна гэж чуулган хийгээд нөгөө талд орон нутагт иргэдийн зарим талаасаа “зорилготой” хүмүүсийн эсэргүүцлийг уул уурхайн шинэ төслүүд даахгүй нь. Иргэддээ мэдээлэл өгөх, орон нутгийн иргэдийн дэмжлэгийг авах. Ашигт малтмалаас олсон мөнгийг орон нутаг нь үлдээх гэх мэт хэрэгжихгүй байгаа олон хуулийг хэрэгжилтийг хангах, хөрөнгө оруулагчдаа хамгаалахгүй бол Монгол улсын эдийн засаг солонгорох, тэлэх, төрөлжих гэдэг үгс улиг болох нь. Хувийн хэвшлийн эрх ашгийг хэн хамгаалах вэ? Хууль хэзээ хэрэгжих вэ?
Сэтгэгдэл үлдээх