БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр хагас коксжуулсан нүүрс оруулж ирэх тендерийг НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар зургаадугаар сарын 10-нд зарласан байдаг.
Гэтэл мөн сарын 5-нд УИХ 53 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн. Үүнд төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш зэрэг агаарын бохирдлын эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх хэмээн тодорхой тусгажээ.
Дээрх УИХ-ын тогтоол нь "Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт Монгол Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан авах арга хэмжээ байсан юм.
Тэгвэл энэхүү УИХ-ын шийдвэрийг тавхан хоногийн дараа "сөрж" зарласан тендерт SHAANXI COAL CHEMICAL INDUSTRY GROUP SHENMU ENERGY DEVELOPMENTS LTD WUZHOU BRANCH гэх ганцхан компани оролцож байна.
Тухайлбал Хятад улсын Шэньси мужийн нүүрс-хими, эрчим хүчний хөгжлийн ХХК гэх толгой компанийн Үжөү хотод байрлах салбар юм байна.
Тус хот нь БНХАУ-ын өмнөд хэсэгт орших Гуанси Жуан Өөртөө Засах орны зүүн хэсэгт оршдог аж.
Хятад улсын Шэньси мужийн нүүрс-хими, эрчим хүчний хөгжлийн ХХК гэх толгой компани нь цахим сүлжээнд мэдээлснээр 2009 онд байгуулагдсан, 6 хотод салбартай.
Манай улстай хамгийн ойр нь Лайши болон Ланьжоу дахь салбар бол хамгийн хол нь тендерт оролцсон Үжөү хотод байрлах салбар юм байна.
Харин тендерт оролцсон зард тус компанийн хөрөнгө оруулагч улсыг Монгол гэсэн ба 99289188 дугаар болон shaanxicoal.tender@gmail.com мэйл хаягт холбогдохоор байршуулжээ.
Сэтгэгдэл үлдээх