Монгол Улсын Засгийн газар тов ёсоор хуралдлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх оны төсвийн төсвийг боловсруулахтай холбоотой иргэдийн саналыг авах чиглэл өгчээ.
Ингэхдээ наймдугаар сарын 1-15 хүртэл И-Монголиа болон 11-11 төвийн аппликэйшнийг хийн цахимаар санал авна. Ийнхүү 15-нд Засгийн газарт өргөн мэдүүлсний дараа яам бүр танхимаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.
Төсвийн төслийг есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барих юм. Мөн Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Өнөөдрийн байдлаар ирэх оны төсвийн төслийг боловсруулах үе шат үргэлжилж байна. Тиймээс Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу төсөв боловсруулах явцад олон нийтийн оролцоог хангах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэллээ.
Улсын төсвийг гурван үе шаттай хэрэгжүүлдэг.
Нэгдүгээрт нь Засгийн газар Монгол Улсын төсвийг төлөвлөх үүрэгтэй. Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ-аар хэлэлцэж, батлах бүрэн эрх нь УИХ-д байдаг.
Ингээд батлагдаад, төсвийн хууль болоод гарсны дараа Засгийн газар хэрэгжүүлэх бүрэн үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар Засгийн газар 2026 оны улсын төсвийг боловсруулах ажил ид явагдаж байна.
Төсвийн 36 ерөнхийлөн захирагч долоодугаар сарын 25-ны байдлаар бичгээр болон цахимаар ирүүлэх ёстой. Одоогоор 26 ерөнхийлөн захирагч бүрэн ирүүлж, 7 ерөнхийлөн захирагч цаасаар, цахимаар 50 хувьтай явуулсан байна.
Харин Сангийн яаманд боловсруулах шатанд байна. Иймээс төсөв боловсруулах явцад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.
Энэ хүрээнд наймдугаар сарын туршид ард иргэд, олон нийт, татвар төлөгчдөөс санал авч, хэлэлцүүлэг хийнэ.
Ингэхдээ, яамдууд нарийвчилсан хуваарь, хөтөлбөрөө гаргаж байна. Наймдугаар сарын 1-нээс И-монголиа цахим платформор яам бүрийн сайт руу нэвтэрч, цахим форматаар саналаа өгөх боломжтой гэв.
Эх сурвалж: Засгийн газар
Сэтгэгдэл үлдээх