Уул уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлэх эхний алхам нь орон нутгийн иргэддээ ойлгуулах явдал

.Graph
2025-09-16

Уул уурхайн долоо хоног буюу Mining Week & MinePro 2025 олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт 9 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд зохион байгуулагдаж буй. Тус чуулга уулзалтаар дан ганц уул уурхайн салбарын үйл ажиллагаа бус хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, шинэ боломж, сайн туршлага, байгаль орчин, технологийн хөгжил төдийгүй Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн талаар тал бүрээс нь хэлэлцлээ. 

Байгалийн баялгийг олборлоод, ухаад гаргах биш, боловсруулдаг, бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг, технологи, инновац шингэсэн, байгалиа нөхөн сэргээсэн, хариуцлагатай, ил тод салбар болгохоор тал бүрд зорилт тавьж байгааг чуулга уулзалтаас харж болно. 

Сэдвээ дэлгэрүүлэхийн өмнө цөөн тоо баримт дурдах нь зүйтэй. Монгол Улсын хэмжээнд нийт газар нутгийн 

  • 3.3 хувьд /1003 ш / хайгуулын тусгай зөвшөөрөл
  • 1.2 хувьд  ашиглалтын 1727 тусгай зөвшөөрөл олгожээ.

Нутгийн иргэд vs Дээсэн дөрөөн дээрх төслүүд

Энэ дунд зайлшгүй анхаарах нэг асуудал байгаа нь орон нутгийн иргэд болон төсөл хэрэгжүүлэх гэж буй компани хоорондын харилцан ойлголцол юм. Ойлголтын зөрүү болоод мэдээллийн дутмаг байдлаас үүдсэн эсэргүүцэл энэ жил л гэхэд манайд хэд хэд давтагдсан. Хайгуулын түвшинд хүртэл төслүүдийг эсэргүүцэн гацаах байдал гарсаар байна. 

Нэг жишээ дурдахад, Ховд аймгийн Мянгат суманд байрлах “Халзан бүрэгтэй” төслийн баг удаа дараа нутгийн иргэдэд хөөгдөж, судалгаа хайгуулын ажлаа зогсоогоод буй. Бүр төслийг эсэргүүцэж, тайван жагсаал хийсэн нутгийн иргэд төслийн 60 гаруй хүнийг гэмтээн, хавирга, нурууг нь хугалсан балмад үйл явц болсон.

Угтаа бол тухайн төсөл хэрэгжиж эхэлбэл Монгол Улс газрын ховор элемент олборлож эхлэх юм. Монгол Улсын хэмжээнд нийт газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонны нөөц бүхий нийт 6 орд илрүүлээд байгаа юм. Энэхүү эрдсийн баялгаараа манайх дэлхийд эхний 15 дугаар байрт жагсдаг. Хэрэв олборлолтын үйл ажиллагааг эрчимжүүлбэл газрын ховрын экспортоос их хэмжээний орлого олж, эдийн засгаа өсгөх боломжтойг эдийн засагчид хэлдэг. Манай улсад энэ чиглэлээр бодитой үйл ажиллагаагаа явуулж байгаа ганц төсөл нь Халзан бүрэгтэй юм. 

Газрын ховор элемент нь өндөр технологид хэрэглэгддэг чухал эрдэс, түүхий эд болдог бөгөөд техникийн дэлгэц, цахилгаан дамжуулагч, хөдөлгүүр, цахилгаан машины зай хураагуурт ашигладаг байна.

Ийм хэрэгцээтэй, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой төсөл зөвхөн нутгийн иргэд болон төсөл хэрэгжүүлэгч компани хоорондын ойлголцол хангалтгүй байснаас үүдэн зогсонги байдалд орсон нь дэндүү харамсалтай. 

Судлаачдаа сонсох нь

Тэгвэл яг энэ харилцан ойлголцлын талаар судалдаг, сурган чиглүүлдэг төв Австралид бий. Энэ төвд ажилладаг Монгол судлаач ч байна. 

Тэр бол Австралийн  Квинсландын их сургуулийн Уул уурхайн хүрээлэнгийн уул уурхай дахь нийгмийн хариуцлагын төвийн судлаач Д.Бямбажав юм. Тэрбээр МУБИС-ийг төгсөж, сургуульдаа багшилж байгаад Япон улсад социологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Ийнхүү 2013 оноос хойш Квинсландын их сургуулийн уг төвд судлаачаар ажиллаж байгаа аж. Түүний хувьд уул уурхай, уул уурхайтай холбоотой орон нутаг, нийгмийн асуудлууд, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт, судалгаа хийж ирсэн нэгэн. 

Түүний ярьж байгаагаар иргэд том зургаараа уул уурхайн салбарыг дэмжих хандлага нэмэгдэж байгаа ч яг тухайн төсөл хэрэгжиж буй орон нутгийн иргэдийн хандлага, санаа бодол, дэмжлэг хамгийн их нөлөөтэй байдаг аж.

Төслөө яаж олон нийтэд зөвөөр ойлгуулах вэ гэдэг нь төслийн олон нийттэй харилцах ажилтнуудын анхаарах ёстой асуудал. Харин орон нутгийн иргэдтэй нүүр тулж, өдөр тутам харилцах нь уурхайн дарга, мэргэжилтэн, ажилтнаас эхлээд тус төслийн багт байгаа бүх хүний анхаарах асуудал гэнэ. Хэрэв энэ хоёр харилцааг хооронд нь хольж хутгах л юм бол асуудал томорч, төсөл зогсох дээрээ тулдаг байна. 

Ерөнхийдөө аль нэг газар оронд уул уурхайн төсөл хэрэгжүүлэхдээ “Энэ төсөл ийм ач холбогдолтой, ийм сайн төсөл” гэж ярихаас илүүтэй орон нутгийн иргэд нь юунд санаа зовж байна, юу хүсэж байна, юунаас болгоомжилж байна, давуу талыг нь юу гэж харж байна гэдгийг сонсож мэдэх хэрэгтэй байх нь. Орон нутгийн иргэдтэй ярилцаж, ойлголцох ажлыг дутуу үнэлснээс үүдэж дэмжих магадлалтай байсан төсөл гацах эрсдэлтэй байдаг аж. 

Мэдээж байгалийн баялгийг хөндөж, газар ухаж, тухайн нутгийн иргэдийн амьдрах орчинд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа учраас эсэргүүцэл, гомдол гарах нь эрүүл үзэгдэл. Гэхдээ тэр гомдол саналыг яаж шийдэх вэ, орон нутгийн иргэдтэй хэрхэн харилцаж, ойлголцон, маргаанаа шийдвэрлэх вэ гэдэг нь мэргэжлийн хүмүүс, компанийн системтэй хандлагаас хамаардаг байна.  

Хайгуулынхаа түвшинд орон нутгийнхаа талаар маш сайн мэдээлэл цуглуулсан компаниуд ч байдаг гэнэ. Төсөл хэрэгжих газарт хэчнээн хүн амьдардаг вэ, хэчнээн тооны мал, амьтан байна, бэлчээрийн даац нь хэр байна, худаг, усны асуудал нь хэр байна, ер нь ямар асуудал байна вэ гэдгээ нарийвчлан судлаад, урьдчилж ойлгодог компаниуд бий. Өрөмдлөг хийхдээ тоос шороо бага гаргая, мал бэлчих цагаас нь зөрүүлж өрөмдлөгөө хийе гэхчлэн нарийн зүйлсээ ч сайтар төлөвлөөд ажиллахад орон нутгийн иргэдтэйгээ ойлголцоход амар байдаг аж. 

Оюу толгойн сайн жишээ

Ерөнхийдөө том том агаарын юм ярьж, дан ганц төслөө л яриад байхаас илүүтэй орон нутгийн иргэдийн санаа зовоод байгаа асуудлуудыг нь сонсож ойлгох нь чухал байх нь. Зүгээр сонсоход энгийн мэт боловч нарийн төвөгтэй, ихээхэн мэдрэмж шаардсан энэ ажлыг Д.Бямбажав судлаач судлан, уул уурхайн компаниудад сургалт, зөвлөгөө өгдөг бөгөөд “Оюу толгой” компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж, Монголын уул уурхайн салбарыг орон нутгийн харилцааны мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлыг хийж байгаа аж.

Тэрбээр, “Бид төслийн баг болон орон нутгийн иргэдийн харилцааг мэргэжлийн түвшинд судалж, системтэй ажиллах, уул уурхайн төслөө амжилтай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр сургалт, судалгаа хийдэг” хэмээсэн юм.

“Оюу толгой” ХХК нь Монголын уул уурхайн салбарт орон нутгийн иргэдтэй харилцах харилцааг мэргэжлийн түвшинд, системтэйгээр хөгжүүлж, салбарын сайн туршлагыг бий болгосон анхдагч компани юм. Орон нутгийн иргэдтэй харилцахдаа иргэдийн санаа зовниж буй асуудлыг анхааралтай сонсож, ойлгож, хамтран шийдвэрлэх зарчимд тулгуурлан ажилладаг. Тиймдээ ч энэ туршлагаа бусад уул уурхайн компаниудад хуваалцаж, чадавх бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна.

Энэхүү санаачилгын хүрээнд 25 компанийн 80 гаруй мэргэжилтнийг сургалтад хамруулж, мэргэжлийн нэр томьёог орчуулан хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор нэр томьёоны семинарыг зохион  байгуулан, салбарын хүрээнд  нэгдсэн ойлголтыг бүрдүүлэх ажлыг эхлүүлжээ. Төслийн хүрээнд Монголын эрдэс баялгийн салбар дахь Орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн чадавхыг үнэлэх судалгаа, салбарт тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг, ярилцлага зэрэг цуврал үйл ажиллагааг ”Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн байна.

“Оюу  толгой”  компаниас төслийн хэрэгцээ шаардлагын талаар олон удаагийн уулзалтыг уул уурхайн компани, МУУҮА, иргэний нийгмийн болон төрийн төлөөлөлтэй хийсний үндсэн дээр сургалтыг аль болох системчлэх, тогтвортой урт хугацаанд хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн суурь сургалтыг  Монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж байгааг дурдах нь зүйтэй.

Ер нь орон нутгийн харилцаа бол  зүгээр нэг иргэнд уурхайн төслөө ярих нэг өөр. Харин яг тухайн бүсэд амьдарч байгаа малчдад тайлбарлах нэг өөр. Яагаад гэвэл тэр малчны амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой асуудал хөндөгдөж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ харилцааг системтэйгээр, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан байдлаар зохицуулбал орон нутгийн иргэд болон уурхайн дунд байгаа хана нурах, ойлголцол бий болох магадлалтай. Хүмүүс юунд анхаарч, юунд санаа зовоод байгааг ойлгож, тухайн орон нутгийн онцлогт тааруулж, төслөө төлөвлөж ярих хэрэгтэй. Өөрөө ярихаас илүү бусдыг сонсох нь чухал шүү дээ. Энийг “Оюу толгой” компани маш эртнээс ойлгож, орон нутгийн иргэдтэйгээ ойлголцож, хамтран ажиллаж ирсэн бол одоо энэ туршлагаа бусад компаниудтайгаа хуваалцаж байна” хэмээсэн юм. Энэ ажлыг өрөм тавихаас эхлэх бус бүр төсөл эхлэх үеэс эхлүүлэх ёстой” гэж онцолсон юм.

Хорь гаруй жилийн өмнө Оюу толгойн төсөл хэрэгжиж эхлэх үед ч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, өндөг, улаан лоолиор нүдүүлдэг байсан үе бий. Тухайн үед долоо хоног бүр нутгийн иргэдтэйгээ уулзалдаж, тэднийг сонсож, хэлэлцсээр гурван талт зөвлөлийг байгуулж байжээ.

Уг гурван талт зөвлөлд Ханбогд сумын засаг захиргаа, малчид, “Оюу толгой” ХХК-ийн талаас тэнцүү тооны төлөөлөлтэйгөөр багтсан аж. Уг зөвлөл нь бэлчээр, ус болон малчдын нийгмийн холбогдолтой тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хамтарсан шийдвэрийг гаргадаг байна. 

Энэ бол харилцан ойлголцлын асуудлаар уул уурхайн салбарт нэвтэрсэн хамгийн анхны сайн жишиг. Өдгөө энэ сайн жишгээ бусад компаниудтайгаа хуваалцаж байгаа нь ч магтууштай. 

Ярьдаг биш сонсох,  ойлголцох нь чухал

Олон жилийн турш хайгуул, судалгаа хийж, хөрөнгө мөнгө, хүч зарсны эцэст төслөө ажил хэрэг болгох үед орон нутгийн иргэдтэйгээ ойлголцож чадалгүй, нэг бол хүч хэрэглэдэг нэг бол төслөө зогсоодог гашуун туршлагууд ч олон. 

Энэ бүхэн иргэдийг мэдээллээр хангаж, төслөө ойлгуулж чадаагүйгээс гадна хүн хоорондын нарийн чухал харилцааг гээгдүүлснээс үүдэлтэй гэхэд буруутахгүй болов уу. Гал дээр тос гэгчээр үнэхээр нутаг усаа хамгаалах хүсэлтэй орон нутгийн иргэдээс илүүтэй тэр дунд ашиг хонжоо хайж, хуурамч эх орончдын дүр бүтээн шантаажлагчид туйлдаг нь үнэн. Энэ шантаажлагчдын балгаар хөрөнгө оруулагчид монголоос дайжиж, улсын эдийн засагт чухал ач холбогдолтой төслүүд гацаж, “алтан дээр суусан гуйлгачин монгол”-ын дүр л үлдэх нь. 

Тиймээс уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдтэйгээ ойлголцох, тэднийг сонсож, хамтран ажиллах нь төслийн амин чухал тасралтгүй, мэргэжлийн үйл явц болдог аж. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe