Ш.Мөнхбаатар: Чингис хааны тухай судалгааг дэлхий дахинд таниулах хэрэгтэй

.Graph
2025-09-29

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Чингис хааны өв, соёлын хүрээлэн”-гийн Эрдэм шинжилгээний хэлтсийн эрхлэгч, доктор Ш.Мөнхбаатарыг урилаа.

“Чингис хааны өв соёлын хүрээлэн” байгуулагдаж, хамгийн анх Чингис хааны музейн ашиглалтын өмнөх судалгааг хийсэн. Судалгааны хүрээнд музейн зохион байгуулалт, ямар үзмэрүүдийг байршуулах, үзмэрийн тайлбаруудыг хэрхэн хийх, байршуулах үзмэрээ хаанаас авах зэрэг ажлыг хийсэн.

-Манай байгууллага суурь судалгаа хийх зорилготой бөгөөд олон нийт, эрдэм шинжилгээний гэсэн хоёр албатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Суурь судалгаа гэхээр Чингис хаан болон түүний дараагийн үетэй холбогдох түүх соёлын талаар бүх мэдээллийг олон нийтэд хүргэх, орхигдсон сурвалжуудыг олж хүргэх, гадаадад гарч байгаа Монголын эзэнт гүрний түүхтэй холбогдох ном, өгүүллүүдийг орчуулж гаргах. Мөн монгол судлаачдынхаа бүтээлүүдийг жил бүр монгол, англи хэлээр сэтгүүлд хэвлүүлэх гэсэн чиг үүрэгтэй ажилладаг.

Бид одоогоор Хэнтий аймагт баригдаж байгаа “Түүхэн аялал жуулчлалын цогцолбор”-т түүхэн газарзүйн болон цогцолборын дотор дэглэлтийн судалгааг хийж байна.

БЛИЦ:

  • 2012 онд МУБИС-ийг төгсөж, бакалаврын зэргээ хамгаалсан.
  • 2016 онд МУБИС-д магистрын зэргээ хамгаалсан.
  • 2024 онд МУБИС-д докторын зэргээ хамгаалсан.

“Түүхэн газарзүйн нийгэмлэг” ТББ

  • “Чингис хааны өв соёлын хүрээлэн”-гийн эрдэм шинжилгээний хэлтсийн эрхлэгч.
  • МУБИС-д гэрээт багшаар ажилладаг.

Ном, бүтээлүүд

  • “Чингис хааны өв, соёл” цуврал ном, “Монгол нутгийн зураг цуврал” ном, “Монгол нутгийн зургийн бүртгэл цуврал”, “Эртний дэлхийн түүх I, II” цувралуудыг хамтран болон бие даан гаргасан.
  • 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн.
  • Япон, Солонгос, Унгар, Орос, Хятад, Чех улсын сэтгүүлүүдэд өгүүллээ хэвлүүлсэн.

“Аливаа зүйлийг хөгжүүлэхэд суурь судалгаа хамгийн чухал”

 -Би түүхэн газарзүйн судалгаанууд дээр түлхүү ажилладаг.

Нууц товчооны 200 гаруй газар усны нэр үүнд хамаарагддаг. Тухайн газруудын зарим нь өнөөг хүртэл маргаантай байдаг. Тиймээс сурвалж болон хээрийн судалгаа бусад материалуудад түшиглэж тухайн газруудад очиж, түүхэн газарзүйн үндэслэлийг нь тогтоодог. Ингээд тухайн газруудын хаана харьяалагдах, маргаантай газар мөн бишийг нь тогтоох үндэслэлийг хийдэг.

Энэ хүрээндээ Монголын эзэнт гүрний үетэй холбогдох өртөө замын судалгааг хийж байна. Өртөө байгуулсан гэх мэдээлэл нууц товчоонд их гардаг ч яг хаагуур явдаг байсан, тогтолцоо нь ямар байсан нь нарийн тогтоогдоогүй.

Мөн “Монгол нутгийн зураг” гээд гурван боть номоо хэвлүүлсэн. Энэ номууд нь өмнө нь судалгааны эргэлтэд харьцангуй бага орсон бөгөөд бичмэл болон зурмалаар газрын зургуудыг харуулснаараа онцлог. Манжийн үед монголчууд газрын зургаа гар аргаар зурдаг байсан. Тодруулбал, 3-5 жилийн хугацаанд дээсээр газрыг хэмжиж, зураад хийдэг байсан байгаа юм. Ингэж хийхийг манжийн төрөөс шаарддаг байж. Үүний шалтгаан нь манж нар газар нутгийг баталгаажуулж байгаа хэлбэр юм. Ийм байдлаар хошуу бүр 10 жилийн хугацаатайгаар газрын зургийг үйлддэг байсан нь манайд хадгалагдан, сүүлийн үед судалгааны эргэлтэд орж маш чухал сурвалж болж байна.

Мөн тэр газрын зурагт өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр бүгд хамрагдсан. Уг зураг дээр газар усны нэр уугуулаараа байгаа нь нэн чухал ач холбогдолтой. Цаашид дахин гурван боть ном хийхээр төлөвлөж байна.

Мөн өмнө Геодези зураг зүйн газар хадгалагдаж байсан 186 зураг дээр судалгаа хийсэн. Зураг тус бүр ямар их үнэ цэнтэй мэдээлэл агуулж байгаа болон ач холбогдолыг нь  тодорхойлж нарийвчилсан судалгаануудыг хийгээд явж байгаа. Үүний үр дүнд тухайн газрын зураг дээр байгаа газруудыг олж тогтоон овоо, сүм хийд, суварга, засаг ноёдын орд, өргөө байсан бүх газруудыг дүрслэл дээр харьцуулсан судалгаануудыг хийж өгүүлэл болгон хэвлүүлсэн.

Үүнээс гадна зун болгон хээрийн судалгаагаар явж өртөөнүүдийн архивын баримт, аялагчдын тэмдэглэл газрын зураг, калиграфф газрын зургуудыг авч яван нутгийн иргэдийн мэдээллээр тогтоож байгаа.

Аливаа зүйлийг хөгжүүлэхэд суурь судалгаа хамгийн чухал байдаг. Суурь судалгаа бий болсноор өртөөнүүдийн байршлыг тогтоож, түүхэн аялал жуучлалыг хөгжүүлэх боломжтой. Зам бол стратегийн маш чухал түшиц газар юм.

Мөн мартагдсан хот тосгонуудыг газрын зургийн тусламжтайгаар олж байна.

Өөрөөр хэлбэл, хот суурин, газар усны нэрийг уугуулаар тогтоох, сүм хийдүүдийн байршил, архитектур дизайныг нь тогтоох, засаг ноёдын булш оршуулгыг олж мэдэх зэрэг түүхийн шинжлэх ухааны чухал ач холбогдлыг бий болгож байгаа юм.

“Үндэснийхээ судлаачдыг дэмжих, түүх, соёлоо түгээхэд төрөөс анхаарах шаардлагатай”

Судалгаа хийхэд хамгийн их тулгамддаг асуудал бол санхүүгийн асуудал байдаг. Бид улсаас эсвэл хэн нэгнээс санхүүжилт авалгүйгээр өөрсдийн хувийн зардлаар судалгаагаа хийдэг. Манай улс үндэсний судлаачдаа дэмжих тал дээр маш муу, хөрөнгө оруулалт бага байдаг. Мөн судлаачид төсөл хөтөлбөрүүдэд оролцохоор шаардлага өндөр тавих, танилын хүрээгээрээ шалгаруулалтад сонгодог зэргээс болж суурь судалгаанууд маш ихээр орхигддог. Суурь судалгаа хийснээр бид дараагийн алхамаа сайн хийх боломжтой учраас энэ тал дээр төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байдаг.

Бусад улс орнуудад үндэсний судлаачид архив, номын сангаар үйлчлүүлж, судалгааны материалаа цуглуулахад хөнгөлөлттэй байдаг. Гэтэл манайд архиваас нэг баримт авахын тулд бөөн бичиг цаасны ажил болдог. Жишээлбэл, номын сангаас баримт хуулбарлаж авахын тулд дарга нарын гарын үсэг, шатлалаар явж байж баримтаа авдаг. Энэ нь цаг хугацаа, мөнгө санхүүгийн хувьд тулгамдах асуудлын нэг болдог. Тиймээс үндэснийхээ зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, судлахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

“Дэлхий нийтэд монголын түүхийг буруугаар ойлгуулах онол одоог хүртэл байсаар байна”

-Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн хувьд Чингис хааны тухай судалгааг дэлхий дахинд таниулах ажлыг үе шаттай хийх хэрэгтэй. Энэ чиглэлээр гадаадын судлаачидтай хамтарч ажиллах, тэдний судалгааны үр дүнг хэлэлцэх, өөрсдийнхөө судалгаагааг танилцуулах зэрэг ажлыг идэвхтэй хийснээр өв соёл, түүхээ дэлхий дахинд таниулж чадна. Одоогоор бидэнд олгож байгаа санхүүгийн хэмжээнд л судалгаагаа хийж байна. Цаашид энэ тал дээр илүү дэмжээд өгвөл бидэнд судлах ёстой олон зүйл байгаа.

Мөн нийгэмд зөв ойлголтуудыг өгөх талаас судалгаанууд хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, зэрлэг бүдүүлэг хүмүүс эзэнт гүрэн байгуулдаггүй. Харин маш өндөр түвшний соёлтой, ёс суртахуунтай хүмүүс л байгуулдаг. Тиймээс монголчуудын соёлын ул мөр дэлхий даяар тарсан. Эндээс харвал, тухайн үеийн хүмүүс анхны хүн амын тооллого хийх, алба татварын бодлого хэрэгжүүлсэн зэрэг баримтууд байна. Үүн дээр түшиглээд бид илүү сайн судалгаануудыг хийж, дэлхий нийтэд зөв ойлголт өгөхгүй бол ялангуяа барууны үзэл хандлагаар монголчуудын түүхийн талаар ташаа ойлголттой байх. Нүүдэлчдийг зэрлэг бүдүүлэг байсан гэх онолууд ч одоог хүртэл байсаар байна.

Судалгааны өгүүллүүд академик хэлбэрээр байдаг тул бусад хүмүүст энэ нь хүртээмжгүй байдаг. Тиймээс судалгааны үр дүнгээ олон нийтэд хүртээмжтэй байлгахын тулд контент хийх зэргээр хүргэж байна. Сүүлд “Монголд байсан Харчин угсаатан”-ы талаар зөв ойлголт өгөх зорилгоор контент хийж хүргэсэн. Энэ маань үзэлт, хандалт нилээд авч, хүмүүс Харчин угсаатны талаар ойлголттой болсон.

Орчин үед контент, рийл хийх зэргээр бид судалгаагаа хүмүүст ойлгомжтой байдлаар танилцуулбал илүү хүртээмжтэй болно гэж харж байгаа.

Миний хувьд эзэнт гүрний үед холбогдох судалгааны ажил болох “Өртөө зам”-уудын талаар судалгаагаа хийж байна. Манжийн үед “Нутгийн зураг”, “Булш оршуулга”-ын талаар судалгаанууд хийж байгаа. Харин Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн хүрээнд “Чингис хааны өв, соёл” гэх цуврал ном гаргадаг. Үүнийхээ хоёр, дөрөв, 5-8 дугаар ботиуд дээр ажилласан. Мөн МУБИС-д гэрээт багшаар ажилладаг. Манай түүхийн ангийн оюутнуудад гарын авлага хомс байдаг учраас эртний дэлхийн түүхийн номууд дээр ажиллаж, оюутнуудаа гарын авлагатай болгосон.

“Түүх соёлоо илүү сайн судалснаар үндэстний дархлаа тогтоно” 

-Сүүлийн үед залуу судлаачид гарч ирж байгаа ч өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалж судалгааны чиглэлээр ажиллах нь ховор байдаг. Тухайлбал, судлаачдын цалин тийм ч өндөр биш. Дээр нь хэлний мэдлэгтэй байх, байнгын унших, найруулан бичих, эрэн судалгаа хийх гэх мэт шаардлага өндөр. Тиймээс гэр бүлдээ зарцуулах цаг хомс, ар гэрийн амьдрал хаягддаг. Залуус сонирхлоороо л судалгааны салбар руу орж ирж байна. Оюутнуудтай ярилцаж байхад “Монголын түүхийг судлаад дуусчихсан юм бишүү. Бидэнд судлах зүйл үлдээгүй юм бишүү” гэдэг. Иймд  шинэ, залуу судлаачиддаа хандаж хэлэхэд, бидэнд маш олон судлах зүйл, орон зай бий гэж хэлмээр байна.

Дэлхий дээрх улс орнууд бүгд л өөрийн гэсэн үндэсний соёлоороо ялгардаг. Бид  ч мөн түүх соёлоо илүү сайн судалснаар үндэстний дархлаагаа тогтооно. Түүхийн чиглэлээр судалгаа хийж, бусдад танин мэдүүлж, ойлголт өгч байгаа нь нэг талаасаа эх оронч үйлдэл юм. Бидний судалж байгаа юм бүхэн шинжлэх ухааны эргэлтэд орж, үндэсний түүх соёлоо танин мэдүүлж байгаагаа харах сайхан байдаг.

“ЕБС, их дээд сургуулийн түүхийн хичээлийн цагийг нэмэх шаардлагатай”

-Бид түүх соёлоосоо суралцах ёстой. Бид түүхээ мэдэхгүй байна. Түүхээс авах сургамжаа аваагүйгээс болж бид өнөөдөр маш олон алдааг гаргадаг. Энэ үүднээс бид түүхийн хичээлийн сурах бичигт анализ хийж үзсэн. Ингэхэд сургуулиудад ордог түүхийн хичээлийн цаг маш бага байсан. Тиймээс хүүхдүүд түүхийн өргөн агуулгыг багаар үздэг байна. Мөн сурах бичиг өөрийн гэсэн хэмжээ хязгаартай учраас түүхийн талаарх агуулгууд бүтэн орохгүй байгаа юм. Дөнгөж тал хэсэг нь л ордог. Тиймээс түүхээ сайн мэдэхгүй байх, буруу зөрүү ойлголттой байх зэрэг бэрхшээлүүд тулгарч байна. Түүх бол ард түмний үнэт зүйл, соёл учраас бодлогын хүрээнд ЕБС, их дээд сургуульд түүхийн хичээл оруулах цагийг нэмэх шаардлагатай. Мөн хүүхэд, залуус руугаа чиглэсэн түүх соёлоо танин мэдүүлэх, ойлголтыг нь нэмэх ажлуудыг байнга хийж байх нь зөв гэж бодож байна. Дээрээс нь хичээлийн интеграцид уялдаа холбоог нь сайн хийж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, цагаан толгойн үсэглэлийн баяраар “Б” үсэг болсон хүүхдэд “Бөртэ” гэж хэлүүлэх ч юмуу ийм байдлаар түүхэн хүмүүсийн нэрийг хэлүүлж болно шүү дээ. Ингэснээр энгийн үг цээжлүүлснээс илүү сонирхолтойн дээр тухайн хүүхдүүд өөрсдөө түүхэн хүмүүсийн талаар мэдэх зэрэг давуу талууд бий болно гэж харж байна.

Мөн түүхэн сэдэвтэй Монгол кино­нууд дээр үг хэллэг, хувцас зүүсгэлийн алдаа маш их гардаг. Тиймээс сайтар су­далж хийх хэрэгтэй. Цаашлаад гад­нын улсууд монголын талаар түүхэн кино хийхдээ түүхийг бүр гуйвуулж хийсэн байх нь ч бий. Тэр дундаа монгол жүжигчид ч тухайн кинонд нь тог­ло­чихсон байдаг. Энэ бүхэн түүхээ сайн мэддэггүйтэй холбоотой. Түүх бол зөвхөн түүхчдийн уншдаг зүйл биш. Монгол хүн бүрийн мэдэх ёстой зүйл юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, 2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 182 (7679)

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe