Энэхүү форумын үеэр хиймэл оюун ба хэвлэл мэдээллийн суурь боловсролтой холбоотой сонирхолтой хэлэлцүүлэг өрнөж, салбарын төлөөллүүд өөрсдийн илтгэлээ сонирхуулсан юм.
Иймээс илтгэгчид болон панелистуудын хэлсэн онцлох санааг эшлэл болгон хүргэе.
“Болорсофт” ХХК, Чимэгэ систем ХХК, Эгүнэ Оюун ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал:
- Монгол хүний сэтгэлгээ, сэтгэл хөдлөлийг хэзээ ч ChatGPT орлохгүй. AI-д бид зөв мэдээллийг нийлүүлэх нь чухал. Өгөгдөл хаашаа урсана тэр газрын хараат болно гэсэн үг. Тэгэхээр өгөгдлийг Монголын нутаг дэвсгэр дээр хадгалах ёстой. Хил гааль, уул уурхай, байгалийн баялаг зэрэг чухал салбарууд бол улсын өмч. Тэгвэл тэнд амьдарч буй хүмүүсийн үүсгэж байгаа дата ч мөн адил өмч гэдэг үзэл санааны үндсэн дээр бид бие даасан хиймэл оюун ухаан гэдэг концепцоор системээ хөгжүүлээд явж байгаа.
Бодлогын түвшинд хиймэл оюун ухааныг дэмжих хэрэгтэй. Бидний бүтээсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн худалдан авалтад зориулан ашиглаж байгаа TenderEvual систем хүний алдаанаас 4 дахин бага алдаа гаргаж байна. Цаашид орон даяар энэ системийг хэрэгжүүлэх санал гарч байгаа. Хиймэл оюунаас зугтаах, сөргөлдөх аргагүй тул цаг үеэ зөв мэдрээд ашиглах хэрэгтэй. Мөн хүнийг давж гарах болоогүй тул айх хэрэг байхгүй. Төр бодлогын хувьд хориглох бус харин шийдвэрүүдийг цаг алдалгүй хурдан гаргах нь чухал гэж бодож байна.
Вояджер Эй Жи Ай (Voyager AGI) компанийн хамтран үүсгэн байгуулагч О.Мөнхбат:
- Voyager AGI нь хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлтийн компани. Төрийн худалдан авалт, төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм.
Төрд байгаа нээлттэй өгөгдлүүдийг иргэд олж хэрэглэхэд маш хэцүү. Ашиглахад наад зах нь excel дээр ажилладаг, томьёо мэддэг байх зэрэг ур чадвар, хүчин чармайлт шаарддаг. Тэгвэл ямар компаниуд худалдан авалт хийж байгаа зэргийг асуугаад л мэдэх боломжийг бид бүрдүүлж байгаа. Нэг ёсондоо хэвлэл мэдээллийн редакцуудын хараат бус байдлыг сайжруулахад хувь нэмэр болох, хиймэл оюунд суурилсан платформыг бид хэрэглээнд нэвтрүүлж байна. Сайтуудын мэдээллүүдээс харахад яг юунаас болоод уг асуудал үүссэн бэ, цаашид яах вэ, өөр улсад үүнтэй адил ямар асуудал үүсэж байсан бэ зэрэг цогц мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг. Манай компани үүнийг шийдэхэд тусалж байгаа.
Хиймэл оюунаас зөв асуулт асуувал зөв хариулт авна.
Хиймэл оюунд мөнгийг нь төлж хэрэглэх нь зүйтэй. Моделиудын чадварууд өөр өөр тул өөрийн хэрэгцээнд тохирсон моделийг ашиглах хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллага бол бизнес. Илүү их мөнгө олж, санхүүгийн хувьд хараат бус байснаар иргэд илүү чанартай, сайн мэдээлэл олж авна.
Өнөөдөр монгол инженерүүд хангалттай сайн технологийг хийж чадаж байна. AI бол технологийн салбар хэвлэл мэдээллийн салбартай хамтрах маш том боломж гэж харж байгаа. Ингээд хамтраад явбал медиа салбарт боломж өргөн байгаа.
Дижитал Нэксус ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Тамир:
- Хиймэл оюун ухаан хүмүүсийг орлохгүй харин дэмжигч гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хиймэл оюунаас хүссэн мэдээллээ авах гэж байгаа бол зөв асуултаа тодорхой тавьж асуух хэрэгтэй.
Хиймэл оюун гэдэг авч байж өгдөг систем. Хиймэл оюун гэж хошуураад өдөр тутмынхаа үйл ажиллагаанд ашиглаж яваа. Гэхдээ цаана нь өөрийнхөө мэдээллийг өгч байгаа гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр хиймэл оюунаас айх биш нягт, сэрэмжтэй, хянамгай хандаж, ашиглах хэрэгтэй.
Хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжсөнөөр AI-аар бүтээгдсэн контент, хэвлэлийн мэдээг ялгаж таних, алгоритмыг ялгаж таних, ёс зүйтэй хэрэглэх зэрэг шинэ ур чадваруудыг нэмж эзэмших шаардлагатай болжээ.
Хиймэл оюун нь кибер халдлагыг илрүүлэхэд маш их тус хүргэж байгаа. Хиймэл оюун бол өгөгдөл уншихаас илүүтэй хүний сэтгэл хөдлөлийг уншихад анхаарч байгаа тул танд таалагдсан хариуг өгөх магадлал өндөр юм. Иймд сэтгэл зүйгээ хамгаалах нь мөн чухал.
Data is oil буюу мэдээлэл бол газрын тос. Боловсруулсан мэдээ мэдээлэл улам үнэ цэнтэй болно. Боловсруулалт руу илүү анхаарах хэрэгтэй.
Хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар Factcheck.mn-ийн үүсгэн байгуулагч Ц.Тамир:
- Хиймэл оюунд суурилсан хуурамч мэдээлэл мэр сэр явж байна. Хор хөнөөлтэй, AI суурьтай хуурамч мэдээлэл одоохондоо тийм ч их биш байна. Технологи сар сараар хөгжөөд байна. Монгол хэлний мэдлэг нь ч сайжирч байна. Хуурамч мэдээллийн дэд бүтцийг бэлдэж байна. Монгол Улс дэд бүтцээ ч бэлдээгүй байхад AI ашигласан хуурамч мэдээллийн дэд бүтцийг бэлдэж байна.
Синтетик хуурамч мэдээлэл бол маш энгийнээр машин суралцах технологи ашиглаад байхгүй зүйлийг бүтээж байгаа хэлбэр. Deep fake бол бодит хүнийг ашиглаад өөрчилнө. Харин синтетик бол хорвоо дээр байхгүй хүнийг ч бий болгож байна. Хятад Америк хоёрын мэдээллийн дайнд ашиглаж байгаа хүн нь англи хэлтэй хуурамч анкорыг ашигласан мэдээллийг их ашиглаж байна.
Deepfake манайд сонгуулийн үеэр төдийлөн ашиглагдаагүй нь манайх цөөхөн хүн амтай байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн таньдаг хүнийг нь ашигласан мэдээлэл газар авалгүй намжиж байна. Харин синтетик буюу хуурамч анкор ашигласан мэдээлэлд огт байхгүй хүн ашиглаж байгаа учраас газар авах эрсдэлтэй.
Бид гарчиг, зургаар л мэдээлэл авдаг болсон энэ үед иймэрхүү төрлийн мэдээлэл ихсэх байх гэсэн болгоомжлол байна.
AI дээр алдаа байна. Бид тэр алдааг мэдэхгүй ашиглаад байна. Дата чанартай байх тусам сайн мэдээлэл гарч ирнэ. Муу байвал муу мэдээлэл гарч ирнэ. Тэгэхээр манай дата ямар билээ гэдгийг бодох хэрэгтэй.
Мэдээлэл нь өөрөө капитал болсон улстай харьцуулахад сүүлийн 10 жилд манай улсад мэдээлэл зэвсэг болсон байна. Хэний шалгуураар тогтоосон, хэний чухал гэж үзэж байгаа мэдээллийг бид авч байгаа вэ, тэр нь туйлын зөв үү гэдгийг бодох хэрэгтэй. Бид, хэвлэлийнхэн тэр датаг үүсгэх гурван салбарын нэг. Төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл. Төр, медиа хоёр хамгийн гол дата үйлдвэрлэгч. Ийм нөхцөлд хэвлэлийнхэн яаж ажиллах вэ гэдэг чухал. Тиймээс монгол чатаа ашиглах нь хамгийн чухал. Мэдээллийн орчинд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг зөвлөж байна. Тухайлбал, Эгүнэ чат AI.
Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг:
- Баримт шалгалт уйтгартай. Тэрийгээ яаж сонирхолтой байлгах вэ гэдгийг ашиглаж чадахгүй байгаа. Pluma.media нэртэй сэтгүүлчдийн хараат бус чөлөөт индэр байдаг. Эх сурвалжууд тийш ороод, холбогдож болно. Энд орсон мэдээллийг AI гурван төлөвөөр шалгаж байгаа. Баримт шалгалтын төлөвийг шалгадаг. Хоёрт, мэдээллийн орчны анализ хийж байгаа. Монголд түгж байгаа улс төр, нийгмийн байдалд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яаж мэдээлж, аль талыг илүү мэдээлж байгааг анализ хийж өгдөг. Мэдээллийн орчны анализыг харж, уншигчдад тусалж байгаа.
AI-аар бүтээсэн зураг, бичлэг дээр хамгийн гол онцлог шинж нь оюуны өмчөөс зугтах зорилгоор аливаа лого, тэмдэг бүрсгэр байдаг. Хүний царай тод атлаа лого бүдэг байдаг.
Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн ... шинжилгээний газрын дарга, МУ-ын зөвлөх инженер, докторант Т.Гантуяа:
- Хиймэл оюуны стратеги хараахан батлагдаагүй, боловсруулалтын шатанд явж байна. Үүнээс өмнө Цахим хөгжлийн яам, НҮБ-ын хурдасгуур хөтөлбөртэй хамтран Монгол Улс хиймэл оюунд бэлэн байна уу гэх бэлэн байдлын үнэлгээний судалгаа хийлгэсэн. Тус судалгааны үнэлгээгээр Монгол Улс таван онооноос гурван оноо буюу дунд үнэлгээ авсан. Хиймэл оюуны ёс зүйн суурь хэр байгаа вэ гэдэг дээр 2.4 оноо авсан.
Хиймэл оюуны стратеги гурван үе шаттай хэрэгжинэ гэж харж байгаа.
Сэтгэгдэл үлдээх