Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их хурлын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын чуулганы 2025 оны 10 сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан 95 дугаар тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн 1.2, 3.1, 7.1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг шийдвэрлэж буй. Энэ үеэр Монгол Улсын Их хурлыг төлөөлж оролцож буй гишүүд өмгөөлөгч авна, ҮХЦ-ийн их суудлын хуралдааны бэлтгэл ажил дутуу хангагдсан гэх шалтгаан гаргаж, ҮХЦ-ийн хуралдааныг хойшлуулах гэж оролдлоо.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:
- Миний бие мэргэшсэн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтэй байна. Тиймээс маргагч талуудын эрхийг хангаж, өмгөөлөгч авах боломжоор ханган, хэргийн материал болон хариу тайлбаруудыг хуулийн шаардлага ханган гаргаж өгөх боломжоор хангаж өгнө үү.
Тухайн үед даргалсан хуралдааныхаа шийдвэрээс болоод үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол би өөрийгөө хамгаалуулах эрхтэй. Би хуульч хүн биш учир Үндсэн хуульд заасан эрхийн дагуу өмгөөлөх авах эрхээ эдэлмээр байна.
Бид мэдээж дэгээ сахиж, бөөндөө ярихгүй. Гэхдээ нэг хүн бүх асуудлыг ярих хэцүү. 2025 оны 10 сарын 17-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр кноп дарсан 71 гишүүн, ирцэд орсон 111 гишүүнийг төлөөлж ярина гэдэг хэцүү. Тиймээс бид тус тусдаа хүсэлт гаргаж, асуудлуудаа хөндөж ярихаар судалсан.

ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан:
- “Х.Булгантуяа дарга танаа” гээд 2025 оны 10 сарын 16-ны өдрийн 2/591 бичгээр тайлбар баримт гаргуулах тухай бичгийг ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан хүргүүлсэн. Уг бичигт ийм асуудлаар цэцэд маргаан үүсэж байгаа тул 20-ны өдрийн дотор нэн даруй хариу ирүүлнэ үү гэж тусгасан. Одоогийн байдлаар ямар нэг хариу ирээгүй. Тиймээс заасан хугацаанд хариу ирүүлээгүй тул хуралдаанд биечлэн оролцож тайлбараа ирүүлэх юм байна гэж ойлгосон. Өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ яг одоо байхгүй бол асуудал үүснэ. Өмгөөлөгчөө авч ирээд баримт танилцуулах хүсэлтээ хуралдааны явцад гаргах боломжтой.
Өмгөөлөгч байхгүй бол хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
- Хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байна. Учир нь цэцийн маргааныг бүрэн гүйцэд, бодитой шийдвэрлэх хүрээнд оролцогч талуудын эрхийг бүрэн хангах ёстой. Өөрөөр хэлбэл, оролцогч талуудын эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар цэцийн их суудлын хуралдааныг 3 хоногийн дотор зарлан хуралдуулж байгаа нь энэ хуулийн зохицуулалтыг үндэслэлгүйгээр ашиглаж, энэ товыг тогтоож байна гэх гомдлыг гаргаж байна. Тодруулбал, хууль зөрчиж, тов тогтоосон нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 9.2 дахь хэсгийг зөрчиж байна гэх асуудлыг гаргаж байна. Хуульд заасан бэлтгэл ажлыг бүрэн хийлгүйгээр хуульд заасан 3 хоногийн дотор хийх бэлтгэл ажлын дотор хамааралгүй маргааны үндэслэлээр хэлэлцэх гэж байгаа нь маргагч талуудад хуульд заасан эрхийг ноцтой хязгаарлаж байна гэж үзэж байна. Тиймээс энэ хуралдааныг хойшлуулах хүсэлтийг миний бие Г.Тэмүүлэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хамт гаргаж байна.

ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан:
- Юу хийх гэж, яах гэж хойшлуулж байгаагаа хэлсэнгүй. Зүгээр л Үндсэн хуулийн цэц буруу ажиллалаа гэх асуудлыг хуралдааны өмнө маш их явуулсан. Энэ бол цэцэд хууль бусаар нөлөөлөх магадлалтай боловч бид эрүүлээр шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Цэцийн гишүүний маргааныг их суудлын хуралдаанд шилжүүлэх тухай тогтоолд дурдсанаар “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцсэн эсэх маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлаа нэн даруй гүйцэтгэж дууслаа” гэж бичсэн. Талуудад энэхүү маргаантай асуудлаар тайлбар, нотлох баримтаа гаргаж өгөх адил тэгш боломж олгосон. Харамсалтай нь УИХ-ын дэд даргаас эхлээд тайлбараа гаргаж өгөх хугацаандаа гаргаж өгөөгүй.
Тиймээс бэлтгэл ажлыг гүйцэт хийсэн үү, дутуу хийсэн үү гэдэг нь цэцийн болон цэцийн гишүүний эрх хэмжээний асуудал гэдгийг хэлье.
Энэ үеэр мөн Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нэмэлт нотлох баримт гаргаж өгөхөө мэдэгдэв.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
- УИХ давуу эрхтэй, Засгийн газар дутуу эрхтэй гэдэг ойлголт байхгүй. Хуралдаан даргалагч дэг зөрчсөн тухай, Үндсэн хууль зөрчсөн саналын томьёоллоор санал хураасан тухай, чуулганы хуралдаанаар санал хураахад 19 гишүүн оролцоогүй тухай, Ерөнхий сайдуудыг огцруулах өмнөх жишгүүдийг буруу тайлбарласан тухай, УИХ-ын гишүүдийн холбогдох нотлох баримтуудаар өгсөн яриануудын дүрс бичлэгийг нотлох баримтад тусгаж нэмэлтээр өгнө. УИХ-ын 20 орчим гишүүн энэ танхимд ирээд илт давамгайлж хүссэнээ ярьж, хүссэн шийдвэрээ гаргах гэж оролдох юм шиг байна.
Шалтгаан биш шалтаг хэлдэг байдлаар УИХ-ын чуулганы хуралдаан явсан шиг Үндсэн хуулийн цэцэд заагаад, хуралдааныг явуулах гэж оролдох юм шиг байна. Нотлох баримт гэснээ гомдол гаргаад, шалтаг тоочоод байх юм. Хуралдаа хоцорч ирчхээд миний нэрийг уншсангүй гэж гомдол гаргах нь зохистой юу. Тиймээс дэгээ сахиулж явуулаасай.
Сэтгэгдэл үлдээх