Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр 21.6 хувийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлж байна. Тодруулбал, суурь төлбөр 5 хувь, үүн дээр зэсийн үнэ өсөх тусам АМНАТ-ийн хувь хэмжээг өсгөж тооцсоноор дээрх дүнтэй болоод байна. Одоо зэсийн үнэ тонн тутамд 10 мянган ам.доллар давсан нь үнийн өндөр өсөлт юм. Гэхдээ энэ эерэг үзүүлэлт улсын төсөвт ашигтай, олборлогч компанид хохиролтой тусаж байгаа нь АМНАТ-ийг тойрсон шүүмжлэлийн гол шалтгаан болж байна.

Учир шалтгааныг тайлбарлая.
Юуны өмнө “Эрдэнэт үйлдвэр” бараг хагас зуун жил ашигласан, өвгөн уурхай гэдгийг санах хэрэгтэй. Хүдэрт агуулагдах зэсийн хэмжээ өмнөх шиг халгиж цалгихаа больсон. Хүдрийн агуулга жил бүр 4-5 хувиар буурч байгаа. Энэ нь компанид хүдрийн олборлолт, баяжуулалтын хүчин чадлыг тасралтгүй нэмэгдүүлж байж төлөвлөгөөгөө биелүүлж, төсөвт төвлөрүүлэх орлогоо бууруулахгүй байх шахалтыг үзүүлж буй. Иймд өнгөрсөн гурван жилд “Эрдэнэт үйлдвэр” хүдэр олборлолтыг 22.7, хүдрийн боловсруулалтыг 19 хувиар нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд энэ онд баяжмал үйлдвэрлэлийг 562 мянган тоннд хүргэхээр зорин ажиллаж байна. Хэрэв олборлолт, баяжуулалтын хүчин чадлыг нэмэгдүүлээгүй байсан бол дээрх тоо 400 гаруй мянган тоннд очоод зогсох байв. Энэ хэрээр улсын төсөвт төвлөрөх мөнгө багасна.
Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн хүчин чадлыг нэмэгдүүлж, зардлыг бууруулахад техник технологийн шинэчлэлийг тогтмол хийх шаардлагатай. Үүнд мөнгө хэрэгтэй.
Харамсалтай нь “Эрдэнэт үйлдвэр” нийт борлуулалтын орлогынхоо 50 гаруй хувийг төсөвт татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлж байгаагаас АМНАТ хамгийн том жин дарж байна. “Үндсэндээ шувтлуулж байна” гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Г.Ендон хэлсэн. Өөрөөр хэлбэл, 20 гаруй хувийн АМНАТ төлж байгаа учир үйлдвэрийг урт хугацаанд, тогтвортой ажиллуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх мөнгө цаана нь үлдэхгүй байгаа аж.
Уурхай технологийн шинэчлэл хийж, тогтвортой ажиллаж чадахгүй бол хэд хэдэн эрсдэл үүснэ. Эхлээд дунд, урт хугацаанд төсөвт төвлөрүүлэх орлого буурна. Одоогийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” зэсээс төсөвт төвлөрүүлж буй АМНАТ-ийн 70 гаруй хувийг өгч буй. Энэ нь ойролцоогоор 800 гаруй тэрбум төгрөг юм. Хэрэв технологийн шинэчлэл хийгээгүйгээс болж баяжмалын гарц буураад ирвэл төсөвт өгөх төлбөр 700, цаашлаад 600-500 тэрбум төгрөг рүү орох бололцоотой.

Хоёрдугаарт, АМНАТ өндөр бол нөөцөө бүрэн ашиглаж чадахгүйд хүрнэ. “Эрдэнэт үйлдвэр” 3.4 тэрбум нөөцийг 55 жил ашиглах ТЭЗҮ-г Австралийн компаниар хийлгэсэн. Хэрэв АМНАТ буурвал, ядаж 15 хувьд очвол уурхайг 55 биш 60-65 жил ашиглах боломжтой аж. Ер нь АМНАТ гэдэг тонн хүдэр тутамд ирж буй зардал юм. Нэг тонн хүдэр олборлоход тэнд хэчнээн кг зэс байхаас үл хамаарч улс 20 гаруй хувийн татвар тооцоод авчихдаг. Энэ тохиолдолд хүдэр дэх зэсийн агууламж багасах тусам компанийн зардал өсөж, агуулга багатай хүдрийг ашиглах бус хаяхыг илүү үздэг. Ингэснээр ард түмний өмч болсон байгалийн баялгийг бүрэн дүүрэн ашиглах зарчим АМНАТ-ийн буруу зохицуулалтаас болж алдагдаж байна.

Гуравдугаарт, АМНАТ өндөр бол зэсийн салбарт үүсэж буй боломжоо алдана. Дэлхийн зэсийн зах зээл 2024 оны байдлаар 320 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бол найман жилийн дараа 500 шахам тэрбум ам.долларт хүрнэ. Жил бүр 5-6 хувийн өсөлт үзүүлнэ гэсэн үг. Хятад гэхэд цахилгаан машин үйлдвэрлэлийг дэмжсэнээр зэсийн эрэлт жил бүр 100 гаруй мянган тонноор нэмэгдэж байна. Мэдээж эрэлт нэмэгдсэнээр үнэ өснө. Уг үнийн өсөлтийг манай улс төсөвтөө шингээж, ард түмний амьдрал ахуй, улс орны хөгжлийг дэмжихэд зориулах учиртай. Өөрөөр хэлбэл, зэсийн үнийн өсөлтийн циклийг бид алдаж болохгүй. Гэвч зэсэд ногдуулах АМНАТ-ийг өндөр тооцсоноор үйлдвэрүүд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүй болно. Нөгөө талаас хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхгүй. “Эрдэнэт үйлдвэр” төрийн 100 хувийн өмчит тул шахуулаад 20 гаруй хувийн АМНАТ төлөөд үлдсэнээр нь цалин хангамжаа болгоод яваад байгаа болохоос биш ашиг хийхээр орж ирсэн хөрөнгө оруулагчид энэ нөхцөлийг зөвшөөрөхгүй. Ингээд тооцохоор АМНАТ-ийн төлбөрийг өндөр тогтоох нь богино хугацаанд төсөв бүрдүүлэлтэд ашигтай мэт боловч дунд, урт хугацаанд зэсийн үнэ өндөр байх үед хүртэх өгөөжийг бууруулах эрсдэлтэй байна.
Сэтгүүлч Г.Батзориг
Сэтгэгдэл үлдээх