Монгол Улсын залуучууд хүн амын 28.6 хувийг бүрдүүлдэг ч тэдэнд чиглэсэн бодлого, үйлчилгээ бодит амьдралд хүрэлцэхгүй, тогтвортой бус байгааг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, нөхцөл байдлын харьцуулсан судалгаа онцолжээ.
Судалгаанд боловсрол, хөдөлмөр эрхлэлт, сэтгэцийн эрүүл мэнд, улс төрийн оролцоо, залуучуудын хөгжлийн бодлогын асуудлаар салбар дундын уялдаа холбоо байхгүй зэрэг асуудлуудыг дурдсан байна.
Судлаач Ц.Бодьцэцэг, Монголын Залуучуудын Эвсэл ТББ, 2025 он
Монгол доогуур үнэлгээтэй хэвээр
The Commonwealth байгууллагын 2023 оны үнэлгээгээр Монгол Улсын Залуучуудын хөгжлийн индекс 0.77 оноо авч, олон улсын жишигтэй харьцуулахад ахиц муутай үзүүлэлтүүд давамгайлжээ. Боловсролын чанар, хөдөлмөр эрхлэлтийн боломж, тэгш хүртээмжийн индикаторууд хамгийн доогуур орсон байна.
Хотын захын дүүргүүд, хөдөө орон нутгийн сургалтын хүртээмж хангалтгүй хэвээр.
Анги дүүргэлт хэт их, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан налуу зам, дэд бүтэц дутагдалтай, багш нар бэлтгэлгүй, сургалтын зардал ядуу өрхийн хувьд дарамт болдог байна. Энэ нь эрт сургууль завсардах, хөвгүүдийн сургуулиас гарах хувь охидоос их байх зэрэг асуудлыг улам нэмэгдүүлжээ.
Сургуулиас завсардсан болон мэргэжлийн ур чадваргүй залуучууд хөдөлмөр эрхлэлтийн зах зээлд ажил олгогчийн шаардлагад нийцэхгүй, улмаар гэмт хэрэг, эрсдэлтэй зан үйлд автах шалтгаан болж, залуучуудын дунд хөдөлмөрийн идэвхгүй байдал нэмэгдэж байна. Судалгаанд ажилгүйдлээс шалтгаалсан нийгэм, эдийн засгийн алдагдал жил ирэх тусам өсөж буйг анхааруулжээ.
Залуусын хамгийн “чимээгүй” хямрал
Залуучуудын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарсан төрийн үйлчилгээ хомс, тусламж авах талаарх мэдлэг ойлголт дутмагаас сэтгэл зүйн асуудлаа даамжруулдаг. Энэ нь эрсдэл гүнзгийрэх, ноцтой үр дагаварт хүрэх шалтгаан болдог. Сэтгэлзүйн үйлчилгээний хүртээмж аймаг, сумын түвшинд тун хязгаарлагдмал байна.
ИТХ-ын төлөөлөгчдийн ердөө 8% нь залуучууд байгаа нь бодлого тодорхойлох түвшинд залуучууд бараг оролцохгүй байгааг харуулж байна.
Залуучуудын төрд итгэх итгэл муу, оролцоо зөвхөн сонгуулийн санал өгөх хүрээнд хязгаарлагдсан ойлголт давамгай, ялангуяа хөдөөгийн залуучууд оролцоо, мэдээллэл, залуучуудын хөгжилд зориулсан мэдээлэл, үйл ажиллагаагаар хамгийн их дутагдаж байна.
Залуучуудын хөгжлийн төвүүд: Төсөвгүй, тогтолцоогүй, хүний нөөцийн хомсдол дээд цэгтээ
Залуучуудын хөгжлийн төвүүд (ЗХТ) орон нутагт залуучуудад үйлчилгээ үзүүлэх үндсэн нэгж боловч,
Судалгаанд дараах бодлогын өөрчлөлтүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
1. Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулах, санхүүжилтийг тогтвортой болгох. Төсөв жил бүр тасалдаж, төвүүдийн үйл ажиллагаа доголддог байдлыг арилгах шаардлагатай.
2. Залуучуудын хөгжлийн төвүүдийг бие даасан бүтэцтэй, тогтвортой төсөвтэй болгох. Хүний нөөц, хангамжийг сайжруулахгүйгээр залуучуудад чиглэсэн бодит үйлчилгээ хүрэх боломжгүй.
3. Сэтгэлзүйн үйлчилгээний хүртээмжийг бүх түвшинд нэмэгдүүлэх. Аймаг, сумын түвшинд хүртээмжтэй, залуусын онцлогт тохирсон нэгдсэн үйлчилгээ хэрэгтэй.
4. Нэг удаагийн арга хэмжээнээс татгалзаж, амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт хугацааны үйлчилгээнд шилжих. Сургалт, эвент төвтэй биш — үйлчилгээний системтэй тогтолцоо шаардлагатай.
5. Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх бүх шатанд залуучуудын оролцоог бодитоор хангах.
Ялангуяа зорилтот бүлгийн залуучуудын дуу хоолойг төсөвлөлт төлөвлөлтөд тусгах нь зайлшгүй.
Монголын залуус өнөөдөр нийгмийн хамгийн зонхилох бүлгийн нэг атлаа бодлого, үйлчилгээний тогтолцооны эмзэг цоорхойд үлдсээр байна. Боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, оролцоо зэрэг үндсэн салбаруудын доголдол бодит хүний амьдралд хохирол авчирч, улс орны хөгжлийн ирээдүйд нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ.
Судалгаанд дурдсан өөрчлөлтүүдийг төрийн тогтолцооны түвшинд цогцоор нь тусгаж чадвал Монголын залуусын амьдралын чанар, улс орны хөгжлийн боломжууд мэдэгдэхүйц өсөхөд чухал алхам.
Сэтгэгдэл үлдээх