Монголын иргэний нийгмийн тулгуур болсон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулдаг хуулийг шинэчлэх хэлэлцүүлэг 2017 оноос хойш өрнөж буй.
Гэвч 2024 оны шинэ парламент сонгогдсоноор энэ хуулийн төслийн талаар дахин яригдаагүй хэдий ч дахин өргөн барих эрсдэлтэй хэвээр байна. Тус хуулийн төсөл нь Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хууль нэртэйгээр өргөн баригдсан ба төрийн бус байгууллагын бие даасан, хараат бус байдалд халдаж болзошгүй олон заалттай байгааг судлаач Б.Бадралын хийсэн дүн шинжилгээ онцолж байна.
1997 онд батлагдсан одоогийн хууль нь шинэ үеийн олон төрлийн ТББ-ын хэрэгцээг хангахгүй байгаа ч шинэчилсэн хувилбар нь асуудлыг шийдэхээсээ илүү хүндрүүлэх эрсдэлтэй гэжээ.
2025 оны байдлаар улсын бүртгэлд 9,670 ТББ бүртгэлтэй байгаа нь 2015 онтой харьцуулахад 1.5 дахин өссөн үзүүлэлт юм. Гэвч 2022 онд ФАТФ-ын зөвлөмжтэй холбоотойгоор хяналт чангарах үед ТББ-ын тоо огцом буурсан нь иргэний нийгмийн орон зай хумигдаж буйг харуулж байна.
ТББ-ууд нь иргэдийн нийтлэг эрх ашгийг төлөөлж, төрийн шийдвэрт хяналт тавих, шүүмжлэх, бодлогод нөлөөлөх үүрэгтэй. Гэвч төрийн байгууллагуудын зүгээс ТББ-ыг улс төрийн нөлөөтэй мэтээр ойлгож, олон нийтэд сөрөг мэдээлэл түгээдэг нь салбарын нэр хүнд, тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж байна гэдгийг судалгаанд дурджээ.
Хуулийн шинэчилсэн төслүүдэд хамгийн эрсдэлтэй зохицуулалтууд
Судалгаанд дурдсанчлан шинэ хуулийн төслүүдэд дараах гол эрсдэлүүд байна:
1) ТББ-ын мэдээлэлд төр хэт гүнзгий нэвтрэх боломж нээгдэнэ
“Ашгийн бус этгээд”-ийн талаарх мэдээлэлд төрийн байгууллага дүн шинжилгээ хийнэ гэх нь үйл ажиллагааны болон санхүүгийн нууц руу хэт оролцох эрсдэлтэй. Үйл ажиллагааг урьдчилан тандах, хавчих боломжийг төрд олгоно
2) ТББ-ыг “идэвхтэй/идэвхгүй” гэж төрөөс ангилах
Иргэний нийгмийн байгууллагын үр дүнг төр үнэлнэ гэдэг нь хараат бус байдлыг шууд зөрчсөн зохицуулалт гэж судлаачид үзэж байна. ТББ-ыг олон нийтийн өмнө нэр хүндэд нь нөлөөлөх байдлаар “үнэлэх” нь эрхийн зөрчил үүсгэнэ.
3) Улс төрийн боловсрол, иргэдийн оролцоонд чиглэсэн үйл ажиллагааг хориглох магадлалтай
Хуулийн төсөлд ТББ улс төрийн чиг үүрэгтэй адил үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж зааснаар сонгууль, ил тод байдал, хяналт, иргэдийн оролцоо зэрэг гол чиглэлд ажилладаг байгууллагуудын эрхийг хязгаарлана.
4) Улсын бүртгэлийн хэт өндөр шаардлага
“Монгол”, “үндэсний” гэх үг оноосон нэрэнд хориглох, бүртгэлээ нэг жилийн дотор шинэчлэх үүрэг өгөх зэрэг нь зардал, хүнд суртал, бүртгэлийн дарамтыг нэмэгдүүлнэ.
5) Гадаадын болон олон улсын санхүүжилт авах боломж хумигдана
Аж ахуйн нэгжийн орлогын татварын нэмэлт зохицуулалт, хандивын эх үүсвэрийг хязгаарласан заалт нь ТББ-ын санхүүгийн бие даасан байдлыг дордуулах эрсдэлтэй.
Ийнхүү шинэ хуулийн зохицуулалтууд нь ТББ-ыг хамгаалах биш хязгаарлахад чиглэсэн талаар онцолжээ.
Судалгааны гол зөвлөмж
Сэтгэгдэл үлдээх