2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрх нэг чуулганы дараа дуусах гэж байна. Тэд жил бүрийн Цагаан сараар ард түмэндээ ямар бэлэг барив?
2021 он | Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жил
- Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн хугацааг сунгахыг дэмжив. Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухайд нь төлөөгүй иргэд нөхөн төлснөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон.
- 2016-2020 оны УИХ тэтгэврийн зээлийг тэглэсэн. Тэгвэл 2020-2024 оны УИХ 2021 оны Цагаан сарын өмнө тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгов.
2022 он | Буян үйлдэгч хэмээх усан бар жил
- Ахмадуудын тэтгэврийг 15 хувиар нэмж, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 400.000 төгрөг болгов.
2023 | Үзэсгэлэн болгогч хэмээх харагчин туулай жил
- Тэтгэврийг НДШ тасралтгүй төлсөн долоон жилээр тогтоодог байсныг таван жил болгон өөрчилсөн. Ингэснээр ахмад настны тэтгэвэр өндөр тогтоно гэж үзсэн юм. Мөн тэтгэврээ долоон жилээр тогтоолгосон иргэдийн зөрүү мөнгийг нөхөн олгохыг Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд дэмжсэн байна.
2024 | Хилэнт эх хэмээх модон луу жил
- 2024 оны Төсвийн тухай хуулийн дагуу цалин, тэтгэврийг нэмнэ.
- УИХ хоёрдугаар сарын 5-аас ээлжит бусаар чуулна. Чуулганаар Баялгийн сангийн хуулийн төсөл болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны 2022 оны ногдол ашиг болох 119 мянган төгрөгийн Цагаан сараас өмнө олгох эсэхийг хэлэлцэх аж.
Энэ бүхнээс харахад, 2020-2024 оны УИХ нь эхний гурван жилдээ Цагаан сарын яг өмнөхөн өндөр настны тэтгэврийг нэмэх, улам сайжруулах тал дээр шийдвэр гаргасаар иржээ.
Эрх баригч намын талаас тэтгэвэр нэмэхийг аливаа зөрүү, дутагдлыг арилгаж байна, инфляцтай уялдуулж нэмж байна гэж тайлбарладаг бол нөгөө талаас Эдийн засагч Р.Даваадорж www.news.mn сайтад ярилцлага өгөхдөө тэтгэвэр нэмэх нь сонгуулиар санал худалдаж авах гэсэн урхи, занга, заль гэж үзсэн байдаг.
Сэтгэгдэл үлдээх