С.Баярцогт: Тухайн үеийн зээл хамгийн хүнд нөхцөлд олдсон

.Graph
2025-12-10

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордонд эхэллээ.   

Хянан шалгах түр хорооны гишүүд зээлийн хүүг тухайн үед ямар үндэслэлтэйгээр санал болгож байсан талаар гэрчүүдээс тодруулав. 

Энэ талаар Сангийн сайд асан С.Баярцогт

"Тухайн үеийн зээл хамгийн хүнд нөхцөлд олдсон. Монгол Улс олон улсын гадаадын зах зээлээс мөнгө босгох туршлагагүй байсан. Дандаа олон улсын хөгжлийн банкнуудаас зээл авдаг байсан. Монгол тухайн үед олон улсын валютын сангийн хөтөлбөрт орчихсон. Дотооддоо орлогогүй, манай зээлжих зэрэглэл гадна зах зээлээс мөнгө босгох ямар ч бололцоогүй байсан учир бид энэ мөнгийг хөрөнгө оруулагч тал босгооч ээ гэх хүсэлт тавьсан.

Иймд бид харилцан тохиролцож энэ хүүг авсан. Энэ хүү 30 жил явж болохгүй гэдгийг тэр даруй ойлгоод гэрээний дараа шууд хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрээр 2011 оны зургаадугаар сарын 8-нд LIBOR+6.5% болгосон. Үүний үр дүнд хүү нь 3.9 хувиар шууд буулгасан. Өмнө нь дундаж хүү нь 12 хувь байгаад байсныг буулгаж эрс сайжруулж байсан. Уул уурхайн мөчлөгөө хараад долоон жил тутамд буюу үнэ өсөх, буурах үед хүүгээ байнга ярьдаг байх саналыг тавьж байсан" гэв. 

Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн бодит хүү сүүлийн 15 жилийн хугацаанд дунджаар 8% байсан бол сүүлийн 3 жилд 10% давж, харин хамгийн багадаа 6.5% байсан байна.

Зээлийн бүтэц нь  SOFR (LIBOR)+6.5% буюу дэлхийн эдийн засаг, гадаад зах зээлээс хамаарч хувьсдаг хөвөгч хүүтэй.

SOFR нь АНУ-ын Засгийн газрын үнэт цаасаар баталгаажсан нэг шөнийн санхүүжилтийн хүү (Зээлийн бөөний хүү) бөгөөд хувь хэмжээ нь хэлбэлзэж байдаг.
LIBOR-г (London Interbank Offered Rate)-г 2023 онд албан ёсоор зарлахаа больсонтой холбогдуулан SOFR-оор 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн орлуулсан.
Инфляц өсөхөд арилжааны банкны зээлийн хүү өсдөг зах зээлийн зүй тогтол бий. Үүний адилаар LIBOR/SOFR нь зах зээлийн зарчмаараа өсөж, буурдаг хувь юм. Энэ олон улсын жишиг, шинэ зүйл биш. 

Хүү эрсдэлийг илэрхийлдэг. Хөрөнгө оруулагчдын хувьд Хувь нийлүүлэгчдийн зээл өндөр эрсдэлтэй зээл. Учир нь ямар нэгэн барьцаа болон батлан даалтаар баталгаажаагүй, эргэн төлөлтийн хугацаа тодорхой заагаагүй.

Хянан шалгах түр хорооны гишүүд зээлийн хүүг тухайн үед ямар үндэслэлтэйгээр санал болгож байсан талаар гэрчүүдээс тодруулав.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан

УИХ-ын 40, 57 дугаар тогтоол бол монголчуудын хүсэл зориг байсан. Засгийн газар эдгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байсан. УИХ-ын 40, 47 дугаар тогтоолууд дээр санал нийлээгүй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлсэнгүй.

Гагцхүү Засгийн газар дээрх тогтоолын хүрээнд нийцүүлж гэрээг байгуулсан уу гэдгийг ярьж байна. Өнөөдрийн сонсголын үр дүнд энэ асуудалд нэгдсэн байр суурьт хүрэх ёстой. Өнөөдрийн сонсголд тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр, Сү.Батболд нар ирсэнгүй. 

Манай газар нутагт хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаанд оролцох ёстой учраас бид Оюутолгой төслөөс хувь эзэмших гэх агуулга тухайн үед яригдаж байж. 2009 онд улсын төсвийн орлого 2 их наяд төгрөгтэй дүйцэж байхад 4 тэрбум ам.долларын гэрээ яригдаад орж ирсэн. Тэгэхээр 34 хувь эзэмшинэ гэдэг зөвхөн ашиг орлого олохоос тус компанийн засаглалд оролцох давхар хүсэл зорилго агуулж байсан гэж ойлгож байгаа.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл хууль зөрчсөн гэрээ гэж дүгнэлээ, тайлбар өгнө үү. УИХ-ын дарга асан З.Энхболдоос асуухад менежментийн төлбөр болох 6 тэрбумын асуудал яригдсан уу. Рио Тинто компани 1.1 тэрбум ам.долларыг зөвхөн менежментийн төлбөрт өгсөн гэж байна.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл

Энэ гэрээг хэн байгуулах ёстой байсан бэ. УИХ байгуул гэж хэлснийг Засгийн газартаа үүрэг болгож өгсөн. Тэр үүргийн биелэлт юу болсон бэ гэдгийг өнөөдрийн УИХ ч шалгах ёстой.

Гэрээндээ зургаан хувьд багтааж менежментийн төлбөр авч яваарай гэж боломж олгосон. Гэтэл зургаан хувьд ногдох 1.2 тэрбум ам.доллароос Монгол Улсын татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх тухай УИХ дээр нэг ч удаа яриагүй. 

Хэт ашгийн 68 татвар бол тухайн үед хүчинтэй байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд төсөл оруулж ирсэн нөхөд 68 хувийн татвар авбал гэрээ хийхгүй гэсэн гэж танилцуулсан. Энэ бол шантааж биш, бодож үзэх ёстой татвар байсан. Үүнтэй орлох татварыг өсгөн нэмэгдүүлэх албан татвар гаргаад УИХ-д оруулсан. Орлох татвараа татсан бол гэрээний төлбөр төлөгдчих боломж байсан. 

Гэтэл өндөр татвартай зээл шахчхаад манай татварыг бүгдийг нь бууруулсан. Татварын доод хэмжээг 55 хувиас бууруулахгүй гэдэг саналыг хөрөнгө оруулагчтай уулзахдаа УИХ хатуу тавьсан. Хөрөнгө оруулагчид 68 хувиас дээш татвар авахгүй гэж хязгаар тогтоох санал тавьсан.

Энэ гэрээг арай хөнгөлөлттэй хийх боломж Засгийн газарт байсан. Гэрээ хийсэн тал үүргээ биелүүлсэн үү. Цахилгаан станц, зэсийн үйлдвэр яасан бэ. Засгийн газрын гэрээний асуудлыг С.Баярцогт хариуцаж байгаа юм шиг байна.

Оюутолгой компанийн 2001 оноос хойших төлсөн татварын мэдээллийг Татвар Ерөнхий Газрын төлөөлөл танилцуулав.

Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын дарга С.Төгсжаргал

Оюутолгой компанийн 2001 оноос хойш 2025 оны есдүгээр сарын 5-ны байдлаар албан татвар ногдуулалт, төлбөрийн мэдээллийг Түр хороонд явуулсан.

Нийлбэр дүнгээр 2001 оноос 2025 оны есдүгээр сарын 5-н хүртэл 6.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн. Уг татвар төлбөр хураамжид 18 нэр төрлийн татвар, төлбөр хураамж орсон.

Тухайн компанийн албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд зургаан удаагийн хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар 2021 онд 1.3 их наяд төгрөгийн төлбөр төлөгдсөн. 

Татвар төлөлтийг он тус бүрээр нь танилцуулъя. Үүнд:

2001 онд 45.6 мянган төгрөг,
2002 онд 156.2 сая төгрөг,
2003 онд 288.6 сая төгрөг,
2004 онд 1.8 тэрбум төгрөг,
2005 онд 11.5 тэрбум төгрөг,
2006 онд 16.9 тэрбум төгрөг,
2007 онд 13.7 тэрбум төгрөг,
2008 онд 10 тэрбум төгрөг,
2009 онд 4.2 тэрбум төгрөг,
2010 онд 19.6 тэрбум төгрөг,
2011 онд 63.1 тэрбум төгрөг,
2012 онд 91.9 тэрбум төгрөг,
2013 онд 130.1 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. 2013 оноос бүтээгдэхүүн экспортод гарч эхэлсэн.
2014 онд 384 тэрбум төгрөг,
2015 онд 527.3 тэрбум төгрөг,
2016 онд 540.7 тэрбум төгрөг,
2017 онд 301.5 тэрбум төгрөг,
2018 онд 360.7 тэрбум төгрөг,
2019 онд 359.9 тэрбум төгрөг,
2020 онд 346.7 тэрбум төгрөг,
2021 онд 460.9 тэрбум төгрөг,
2022 онд 460.7 тэрбум төгрөг,
2023 онд 728 тэрбум төгрөг,
2024 онд 892.9 тэрбум төгрөг,
2025 онд есдүгээр сарын 5-ны байдлаар 634.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн" гэв.

Сонирхуулахад, Оюутолгой компани ирэх 15 жилийн хугацаанд Монгол Улсын төсөвт нийт 18.4 тэрбум ам.доллар төвлөрүүлэх аж. Тодруулбал,2026 оноос 600 сая ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийг татварт төлнө. Энэ дүн цаашид ч өснө.

Оюу толгой бусад бизнесийн адил үйл ажиллагаагаа эхлүүлэх, жигдрүүлэх, өргөжүүлэхийн тулд зээл авч ирсэн. Тиймээс ямар ч бизнес эрхлэгч байгуулсан дэлгүүрээ, авсан машинаа, барьсан байшингаа өр гэж үздэггүйтэй адил Оюу толгой уурхай бол Монгол Улсын гадаад хөрөнгө оруулагчтайгаа хамтран барьж байгуулсан бизнес, ирээдүйдээ хийсэн хөрөнгө оруулалт.

"Оюу толгой" компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх

"Компанийн санхүүжилтийн зүг чигийг ТУЗ гаргадаг. ТУЗ дотроо зээлийн хувь хэмжээ өндөр байгаа тул өөр санхүүжилтийн эх үүсвэрээр өөрчлөх боломж байгаа эсэх талаар их ярилцсан. Хувьцаагаар санхүүжилт татна. 15 банкнаас зээлсэн. Байж болох бүх нөөцөө шавхаж бүх борлуулалтынхаа орлогыг бүтээн байгуулалтдаа зарцуулж өдийг хүрсэн. 

Өрийн хэмжээ өндөр байгааг ойлгож байгаа. Үүнтэй компани зохицож болохгүй. Байнга ногдол ашгийг наашлуулах тал дээр анхаарч илүү хямд, өөр ямар боломж байгаа тал дээр анхаарч ажиллах ёстой.

Бид маш том бүтээн байгуулалтын ард гараад одоо л эерэг мөнгөн урсгалтайгаа залгаж байгаа гэдгийг ойлгох ёстой" гэв. 

Оюу толгойн уурхайн цогцолбор барьж байгуулахад маш их санхүүжилт хэрэгтэй болсон бөгөөд дөнгөж энэ жилээс буюу 2025 оноос эерэг мөнгөн урсгалтай буюу борлуулалтын орлого нь зардлаа нөхөх хэмжээнд хүрч байгаа аж. Уул уурхай бол алхам тутамд хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй салбар учир "Оюу толгой" компани Монгол залуусаа аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж иржээ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир

Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгждэггүй хэдэн заалт байна. Манай улс эрчим хүчний аюулгүй байдал гэж ярьдаг. Оюутолгойн Хятадаас, Эрдэнэт үйлдвэр нь Оросоос цахилгаанаа авдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-д зааснаар эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг дөрвөн жилийн дотор Монгол Улсаас хангана гэдэг заалт яагаад хэрэгждэггүй вэ.

"Оюу толгой" компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх

2012 онд Оюу толгой компанийн хашаа дотор 450 МВт-ийн цахилгаан станц барих зөвшөөрөлтэй байсан. 2012 оноос эхлэн Оюу толгой Засгийн Газартай хамтраад гадаадын хөрөнгө оруулагч нараас хөрөнгө оруулалт татаад Тавантолгой цахилгаан станц гаргах төсөл бүтэлгүйтсэн. Учир нь тэр үед дэлхий нийтээрээ нүүрсэн цахилгаан станцаас татгалзаж эхэлж байсан. Мөн тэр үед гүний уурхай зогссон байсан. Санхүүжилт олоход маш хэцүү байсан.

Цаг хугацаандаа баригдаад Оюу толгой дээр барихыг "Оюу толгой" компани өөрөө санал болгосон Засгийн газраас дэмжээгүй. Буцаж Тавантолгой дээр очиж MCS-тэй хамтрах төсөл хэрэгжүүлэх гэж үзсэн. 2017, 2018 онд сэргээгдэх эрчим хүчээр шийдэх саналыг ч тавьж байсан.

"Оюу толгой" компани Өвөр монголоос өндөр үнэтэй эрчим хүч аваад байх сонирхол байхгүй. Гэрээн дээрх үүргээ биелүүлж дотоодоос эрчим хүч худалдаж авахад бэлэн байгаа. Тийм ч учраас 2022 оны нэгдүгээр сард Оюу толгой эрчим хүчээ төвийн эрчим хүчний системээс авч болох гэрээгээ зурчихсан. Үнээ тохироод захилгаа өгчихсөн байгаа.

Эх үүсвэрийг байгуулах үүрэг хариуцлага нь Монгол талдаа байгаа. Гэсэн ч цаашид дотоодын эх үүсвэртэй болох хүсэл хэвээр байгаа.

УИХ-ын дарга асан З.Энхболд

Оюутолгой компанийн захиралтай санал нийлж байна. Буруу гэж байдаг бол 80 хувь нь манайд байгаа. Учир нь жил бүр 500 тэрбум төгрөгөөр цахилгаан зардаг Өвөр монголын хойд бүсийн цахилгааны лоббид манай улсын хүмүүс автагдаад 16 жил явсан. Энэ лоббиг даваад Засгийн газар цахилгаан станцаа барих хэрэгтэй.

Янз бүрийн үл бүтэх шалтгаан яриад цахилгаан станц барихгүй байгаа нь 100 хувь Монголын Засгийн газрын буруу.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Оюутолгой компани үйл ажиллагаа эхлээд дөрвөн жилийн эрчим хүчээ дотоодоос авах гэрээтэй. Гэтэл би 2017 онд Эрчим хүчний сайдаар томилогдоод очиход Монголоос эрчим хүчээ аваагүй байсан. 

Энэ асуудлыг тодруулаад үзэхэд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ гэдэг зүйлийг байгуулчихсан байсан. Үүнийг би 2018 оны 12 дугаар сард Засгийн газрын хурлаар оруулж хүчингүй болгуулсан. Ийнхүү Оюутолгой компанитай гэрээ байгуулсан. Уг гэрээний 4.4-д цахилгаан станцыг 2023 онд ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон.

Тухайн үед манай эрчим хүчний компаниуд хүсэлт гаргаад Оюутолгойтой хамтраад баръя гэдэг санал гаргасан. Энэ саналыг Засгийн газрын хуралдаанд 2 удаа оруулсан. Гэтэл тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Рио Тинто, Оюутолгойн мэдэлд өгөхгүй гэсэн. Бүр улсын төсвөөс баръя гэдэг шийдвэр гаргасан. Цахилгаан станц барих ажлыг үеийн үед зогсоосоор байгаад 2023 онд ашиглалтад оруулаагүй.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар

Энэ асуудлыг Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхэд би санал хэлж байсан. Оюутолгой компани станц барина гээд удчихлаа. Үндэсний компаниуд орохоор би чи гээд удаад байна. Тэгэхээр төр үүнийг хариуцаад сонгон шалгаруулалт явуулаад шийдчихвэл яах вэ гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн С.Зулпхар

Эдийн засгийн байнгын хороон дээр 2008 оны тавдугаар сарын 8-нд санал дүгнэлт танилцуулсан. Үүнтэй холбоотой долоодугаар сарын 13-нд хэлэлцүүлэг явагдсан.

Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтыг өндөр хүүтэй зээлээр бүрдүүлж, ногдол ашгаар тооцож байгаа нь эдийн засгийн үр ашиг багатай байна гэж дүгнэлт хийсэн.

Дараа нь нөөц баялгаа үнэлэх замаар 34 хувийг хөрөнгө оруулахгүйгээр эзэмших, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын тал 50 хувийг шууд эзэмшихийг төсөлд тусга гэсэн байна. 

С.Баярцогт сайд аа, ийм санал дүгнэлт гарч байхад гэрээ байгуулах үедээ харгалзаж чадаагүй вэ? 

Сангийн сайд асан С.Баярцогт

Зэрэгцэж сууж байгаад бүгдээрээ худлаа яриад байна. 2009 оны долоодугаар сарын 16-нд УИХ-ын 57 дугаар тогтоолыг УИХ-аар хэлэлцэхэд Ерөнхий сайд С.Баяр Японы Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлал хийж байсан. Би Сангийн сайдын хувьд албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд байсан.

Дээрх асуудлыг Ерөнхий сайд, Сангийн сайд байхгүй байхад УИХ авч хэлэлцээд энэ шийдвэрийг гаргасан. С.Баяр дарга "ийм шийдвэр гарчээ, одоо айлчлалаа зогсоогоод буцъя" гээд ирсэн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Эдийн засгийн байнгын хорооны зөвлөмж, УИХ-ын 40, 57 дугаар тогтоолын биелэлтийг 2009 оны наймдугаар сарын 19-25 хооронд УИХ-ын ээлжит бус чуулганаар оруулж танилцуулсан. 

Нээж, хаасан УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн үг байна, хууль зөрчсөн гэж нэг ч үг байхгүй. Бид нар дэмжиж байна, сайн хий л гэж хэлсэн. 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нд Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болсны есөн жилийн ойгоор З.Энхболд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа эрүүгийн хэрэг үүсгэж намайг 73 хоног шоронд суулгасан. Энэ бүх хэрэг шүүх ороод цагаадсан. 

С.Баяр дарга алсын хараатай удирдагч байсан учраас энэ гэрээг зүтгүүлсээр байгаад байгуулсан. Тэр үед байгуулаагүй бол энэ гэрээ одоо ч байгуулагдахгүй. С.Баяр дарга өөрийнхөө нэр хүндийг дэнчин тавьсан. 

Н.Энхбаяр дарга өөрийгөө мэдэхгүй байна. 2003 онд их өрийг хэлэлцэж тэглээгүй бол Монгол Улс нэг ч гэрээг бие дааж хийхгүй байсан. 

С.Баяр дарга "энэ үнэхээр Монгол Улсад ач холбогдолтой юм байна, хийх ёстой. Би Роберт Фрийдланд гэдэг хүнтэй уулзахгүй энэ гэрээг хийнэ" гэж байсан. Одоо бүгдээрээ байхгүйгээр далимдуулаад худлаа хэлж болохгүй. Л.Гүндалай ерөөсөө оролцоогүй, энэ хүн өөрийгөө инфлүүсэр гэж бодоод байна. 

Сайн юм хийе гэхээр баримт байхгүй яриулаад байх хэрэггүй, тоо баримт, хуулийн заалт ярь.

Мөн сонсголоор ярьсан асуудалтай холбоотойгоор тодрууллаа.

"Оюу толгой" компани нийт есөн зориулалтаар ус ашигладаг бөгөөд 2025 оны 11-р сарын байдлаар 15 сая шоо метр усны төлбөрт 24.8 тэрбум төгрөгийг төлөөд байгаа юм байна.

2013 оноос хойш нийт 211 тэрбум төгрөг ус ашигласны төлбөрт төлжээ. 2025 оны III улирлын байдлаар нэг тонн хүдэр боловсруулахдаа нөхөн сэлбэлтээр 0.44м³ буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас гурав дахин бага ус ашигласан байна. 2019 оны УИХ-ын 92-р тогтоолоор "Оюу толгой" компанийн ашиглаж байгаа гүний болон газар доорх усны нөөцийг дахин үнэлэх даалгаврын дагуу 2023 оноос хойш хайгуул судалгааны ажлаа хийж, энэ оны 12-р сард дууссан ба Усны газарт хүлээлгэж өгөөд байгаа юм байна.

Оюу толгойгоос Монгол Улсын хүртэх өгөөжийг дан ганц ногдол ашгаар илэрхийлэх нь өрөөсгөл бөгөөд 2010 оноос хойш Оюу толгойн уурхайн бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагааны хүрээнд нийт 53.3 их наяд төгрөгийг Монгол Улсад оруулсан байна. Үүнд улсын төсөвт 13.7 их наяд төгрөгийн татвар, хураамж хэлбэрээр төлжээ.

Үргэлжлүүлэн зээлийн хүүг буруу мэдээлж байгаа талаар "Оюу толгой" компанийн Санхүүгийн газрын захирал Б.Дуламсүрэн

"2022 оныг хүртэл зээлийн хүү дунджаар 7.2 хувь байсан шүү дээ. Гэтэл шинжээч зээлийн хүү 11.3 хувь байна гэж яриад байна. Яаж энэ тоо гараад байгааг ойлгохгүй байна. Манай тооцооллоор зээлийн хүү өнөөдрийн байдлаар 10.9 хувьтай байгаа. Сүүлийн гурван жилд л 10 хувиас дээш болж өссөн. Өмнө нь дунджаар 7.2 хувь байсан шүү. Өнөөдрийн байгаа тоог дандаа ийм байсан юм шиг ярьж болохгүй. Мөн Рио Тинтогийн авч байгаа зээл, бондын зээл зэрэг нэлээд олон харьцуулалтыг харуулж байна. Рио Тинтогийн авч байгаа бондын хүүгийн хэмжээг хувь нийлүүлэгчийнх нь зээлийн хүүтэй харьцуулж байгаа нь учир дутагдалтай санагдаж байна. Хоёр өөр үнэлгээ, эрсдэлийн зэрэгжилттэй компаниудыг харьцуулж байгаа нь ямаа, тэмээ хоёрыг харьцуулж байгаатай ялгаа алга байна шүү дээ. Яагаад ийм харьцуулалт гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна" гэв.

Хүү эрсдэлийг илэрхийлдэг. Хөрөнгө оруулагчдын хувьд хувь нийлүүлэгчдийн зээл өндөр эрсдэлтэй зээл. Учир нь ямар нэгэн барьцаа болон батлан даалтаар баталгаажаагүй, эргэн төлөлтийн хугацаа тодорхой заагаагүй. Оюу толгойн хувьд гүний уурхайн бүтээн байгуулалт дуусах шатандаа орж, олборлолт эхэлснээр эрсдэл тодорхой хэмжээнд буурсан. Гэхдээ чулуулгийн бүтэц ямар байхаас шалтгаалах гэх мэт тодорхой эрсдэлүүд байнга дагасаар байдаг. Монгол Улсын хувьд ч геополитикийн нөхцөл байдал, цахилгаан болон дизель түлшний хамаарал гэх мэт бодит эрсдэлүүд бий. Энэ бүгд дээр олон улсын хэмжээний зээлийн хүүгийн түвшин үндэслэж байдаг гэсэн үг. Энэ олон улсын жишиг, шинэ зүйл биш.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe