Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдсээр 1.6 сая хүрсэн байна. Утаатай, түгжрэлтэй гээд олон асуудалтай ч хөдөө орон нутгаас Улаанбаатарыг зорин ирэх нүүдэл багассангүй. Үүний шалтгааныг судлаачид хөдөө орон нутагт боловсролын чанар муу, ажлын байр багатай, хөдөөгийн ажлын байрны дийлэнх хувийг төрийн байгууллага олгож байгааг онцолдог.
Өөрөөр хэлбэл, иргэдийн хөдөөнөөс шилжин ирж буй шалтгаан нь боловсрол бөгөөд ажлын байр. Ялангуяа сүүлийн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хот руу 600 мянган малчин нүүж иржээ. Хөдөө орон нутагт ажлын байр хомс тул мал маллахаас өөр амьдрах боломжгүй тэд ган, зудад малаа алдсанаар амьдрал хайж хотыг зорьдог аж.
Манай улсад хоёр удаа хохирол ихтэй зуд болж байсан. Эхнийх нь, 1999-2003 оны хооронд үргэлжилсэн зуд. Энэ зуднаар бид 10 сая малаа алдсан бөгөөд зудын таван жилийн хугацаанд 160 мянга гаруй хүн хотод шилжин ирснийг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно. Хоёр дахь нь, 2009-2010 оны зуд. Улсын хэмжээнд 8 сая гаруй мал хорогдсон бөгөөд 96 мянган хүн хотод шилжиж иржээ. Өөрөөр хэлбэл, хоёр том зуднаар нийт 256 мянган иргэн хөдөөгөөс хотод ирж суурьшсан байна.
Өнөөдөр 2024 он. Засгийн газар зуд нүүрлэснийг зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Одоогийн байдлаар 600 мянган толгой мал хорогджээ. Дэлхийн дундаж температур цельсийн 1.5 градусаар нэмэгдэж байгаа бол Монголд 3.5 градусаар нэмэгдэж байна. Энэ нь ган, зуд ганц жилээр тогтохгүй үргэлжлэхийн дохио. Ган, зуд болох тусам хөдөөгөөс хот руу шилжих иргэдийн хөдөлгөөн тасрахгүй. Нөгөө талд Улаанбаатар хотын хүн ам байх ёстой хэмжээнээсээ гурав дахин хэтэрсэн. Тиймээс төрийн бодлого энэ асуудлыг анхаарах ёстойг Graph.mn онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх