Парисын хэлэлцээрийн зорилтыг биелүүлэхэд цөөн жил үлдлээ

.
2024-03-01

Дэлхий нийт жилд дунджаар 8 тэрбум тонн нүүрс түлж, эрчим хүчний хэрэглээнийхээ хамгийн их буюу 40 хувийг нүүрсээр хангадаг. Хатуу түлшний үйлдвэрлэлийг дэлхийн 77 улс ашигладаг. Гэвч нүүрс хамгийн бохир түлш бөгөөд нэг тонн нүүрсийг шатаахад 2.86 тонн нүүрс хүчлийн хий ялгаруулдаг байна. Нүүрс нь дэлхийн агаар мандлыг сүйтгэгч хорт хийн 30 гаруй хувийг дангаарааа бүрдүүлдэг. Агаар мандлын хорт хийг одоогийн хэвээр ялгаруулаад байвал дэлхийн дулаарал хурдацтайгаар нэмэгдэнэ. НҮБ дэлхийн дундаж хэмийн өсөлтийг 1.5 хэмээс доош хэмжээнд барихын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахыг улс орнуудаас шаардаж байгаа билээ. 

Дундаж хэмийн өсөлтийг тогтвортой барихын тулд нүүрснээс бүрэн татгалзах хэрэгтэйг онцолдог. Яагаад гэвэл нүүрсээр ажилладаг орчин үеийн дэвшилтэт техник технологитой цахилгаан станцуудын агаар мандалд ялгаруулдаг нүүрс хүчлийн хий хийн түлшээр ажилладаг цахилгаан станцынхнаас 20 дахин их. Цөмийн, салхины, нарны цахилгаан станцынхаас бүр 50-100 дахин их. Иймд сүүлийн үеийн шалгарсан технологитой байсан ч нүүрсийг байгальд ээлтэй болгож чадахгүй. Иймээс дэлхий нийтэд эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээг байгальд ээлтэй болгох зайлшгүй шаардлага тулгараад буй юм.

Энэ хүрээнд дэлхийн улс орнууд ахилгаан эрчим хүч үйлдвэрлэхдээ нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг өргөн хэрэглээ болгохыг зорьж байна. Ингээд 2015 онд батлагдсан “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр”-т улс орон бүр өөр өөрсдийн үүрэг амлалтыг дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар 27 улс нүүрс түлэхийг татгалзаад байгаа бөгөөд ихэнх нь Европын улсууд байгаа юм. Харин Бельги эрчим хүчний салбартаа нүүрсний хэрэглээг бүрэн зогсоосон анхын улс болсон. 

Харин Азийн улс орнуудад агаарын бохирдол маш их үүсгэдэг ч нүүрснээс татгалзах тал дээр хойрго хандаж байна. Энэ нь бусад улс орон хичнээн хүчин чармайлт гаргасан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байх шалтгаан болоод байсан юм. Дэлхийд ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийн 30 хувийг БНХАУ дангаараа гаргадаг. Мөн дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 20 хотын 16 нь БНХАУ-д байна. Гэсэн хэдий ч тус улс нүүрснээс татгалзахад дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрчээ. 2019 онд нүүрсний цахилгаан станцуудын тоогоо хурдацтай нэмэгдүүлсэн төдийгүй ийм төрлийн цахилгаан станцын төслүүдэд маш их хөрөнгө оруулалтыг хийж байна гэх шүүмжлэлийг хүртэж байсан юм.

 

Харин 2022 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейд БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Цаашдаа БНХАУ гадаад улс орнуудад нүүрсний цахилгаан станц шинээр байгуулахгүй. Харин ногоон эрчим хүчний төслүүдэд үзүүлэх санхүүжилтээ үлэмж нэмэгдүүлнэ гэсэн амлалт өгсөн. Энэ нь тухайн улсын хувьд бодлогын маш том эргэлт болсон төдийгүй дэлхий нийтэд таатай мэдээ болж байгаа юм. БНХАУ дотооддоо нүүрсээр ажилладаг эрчим хүч үйлдвэрлэдэг төслүүдэд хатуу хяналт тавьж, нүүрсний хэрэглээний өсөлтийг хязгаарлан цаашдаа бууруулах төлөвлөгөөтэй байна. 

Гэвч БНХАУ-д нүүрсээр ажилладаг 1082 цахилгаан станц ажиллаж байгаа бол 92 станц барилга угсралтын шатандаа 135 станц угсралтын өмнөх шатандаа явж байна. Эцэст нь хэлэхэд, Парисын хэлэлцээрийн зорилтыг биелүүлэхэд цөөн жил үлдлээ. Тус биелэлтийг хангахад ганц нэг улс нүүрсээ хэрэглэхээ болиод шийдэгдэх асуудал биш юм. Харин дэлхийн улс орон өөр өөрсдийн хүчин чармайлтыг гаргах нь нэн чухал. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe