Үндэсний баялгийн сан байхад Хөгжлийн банк байх шаардлагатай юу
Монгол Улсын Хөгжлийн банк хэмээх байгууллага улс төрийн томилгоогоор очсон, мэргэжлийн болон мэргэжлийн бус удирдлагын эрх мэдлээ урвуулан ашигладаг тоглоомын байгууллага болж хувирлаа.
Тус банкны гүйцэтгэх захирлаар хамгийн сүүлд томилогдсон С.Баатарсүрэн Хөгжлийн банкны 14 жилийн түүхэн дэх 11 дэх удаагийн бүтцийн өөрчлөлтийг хийж, он солигдохын өмнө ажилтнууддаа "Мэдэгдэх хуудас" өгч эхэлжээ.
"Мэдэгдэх хуудас" бол тухайн албан хаагчийн ажлын байр үгүй болж байгааг мэдэгдсэн гүйцэтгэх захирлын мэдэгдэл байдаг.
З.Нарантуяагийн балаг
Түүний өмнөх хамгийн ойрын жишээ бол З.Нарантуяа. АН-ын эмэгтэй лидер, мэргэшсэн хуульч, эдийн засагч гэдэг утгаар нь олон нийт түүнийг эергээр үнэлж, хүлээлт ч өндөр байсныг томилгооных нь мэдээний сошиал реакцаас харж болно. Гэвч үнэн хэрэгтээ тэрбээр Хөгжлийн банканд "Бүтцийн өөрчлөлт" нэрээр ажлаа хийж байсан жирийн албан хаагчдын заримыг ажилгүй, заримыг нь урт хугацааны хөдөлмөрийн найдваргүй байдалд оруулсан ба 6 газартай байсан банкны бүтцийг 11 газар болон Ажлын алба гэсэн данхар бүтэцтэй болгосныг тус банкны тайлангуудад дурджээ.


Ийнхүү бүтцийн өөрчлөлт хийснээр 120 хүний орон тоотой ч 100 хүрэхгүй хүн ажиллаж байсан Хөгжлийн банкийг 145 хүний орон тоотой болгожээ. Ингэхдээ шинэ удирдлагуудыг ажилд авах сонгон шалгаруулалт явуулаагүй буюу бусдын адил улс төрийн хамаарал бүхий томилгоо хийснийг тухайн үед хэвлэлүүд шүүмжилж байв. Харин томилогдож ирээд "Нэг ч хүнийг ажлаас халахгүй" хэмээн мэдэгдэж байсныг нь ажилтнууд нь ярьж байна. Энэ тухай Хөгжлийн банкны ажилтан олон нийтийн сүлжээнд бичсэн бөгөөд хууль бусаар буюу эрх мэдлээ урвуулан ашиглаж, халаа сэлгээ хийснийг нь тус банканд ажиллаж байсан хуульч мөн бичжээ. Зөвхөн бүтцийн өөрчлөлт хийгээд зогсохгүй цалингийн нэмэгдлийг ур чадвараар бус улсад олон жил ажилласнаараа илүү авах тогтолцоог бий болгосныг ажилтнууд нь ярьж байна. Тэрбээр томилогдож ирээд цалинг 30 хүртэл хувь нэмжээ.
З.Нарантуяа гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 2025 оны зургаадугаар сарын 27-нд олон улсын хөрөнгийн зах зээлд 350 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан тухайгаа олон нийтэд мэдээлсэн. Гурван жилийн хугацаатай, 8.5 хувийн тогтмол хүүтэй уг бондыг босгоод өдгөө хагас жил болж байгаа ч ямар нэгэн төсөлд санхүүжилт олгосон талаар Хөгжлийн банкнаас мэдээлээгүй. Хэрэв энэ мөнгө эргэлтэд ороогүй бол Засгийн газрын валютын хүүгийн дарамтыг өсгөж, жилийн 29.7 сая ам.долларын хүүгийн өр төлөх нөхцөл бүрдэж байгаа гэсэн үг.
"Бүтцийн өөрчлөлт" нэртэй ТӨК-уудын халаа сэлгээ
Монгол Улсын Хөгжлийн банкийг 2011 онд байгуулснаас хойш 13 жилийн хугацаанд Хөгжлийн банкны тухай хууль хоёр удаа, ТУЗ 11 удаа, гүйцэтгэх удирдлага 8 удаа, бүтэц 10 удаа өөрчлөгдсөн нь засаглал тогтворгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжгүйг харуулж байна гэж Н.Учрал Тэргүүн Шадар сайд, ЭЗХ-ийн сайдаар ажиллаж байхдаа мэдээлж байв. Тэгвэл шинээр томилогдоод байгаа гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн ээлжит бүтцийн өөрчлөлтийг ийнхүү эхлүүлжээ.
"Бүтцийн өөрчлөлт" гэдэг нь төрийн өмчит компаниудын шинээр томилогдсон удирдлагууд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээ, чиг үүргийн болон үр дүнгийн шинжилгээ хийж байгаа гэсэн үндэслэлээр байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулах замаар халаа, сэлгээ хийсээр иржээ.
Гэвч үүний нөгөө талд ажлаа хийж байсан албан хаагчид хохирдог. Эрхээ зөрчүүлсэн албан хаагчид шүүхэд хандаж, тухайн шийдвэр гаргасан гүйцэтгэх удирдлагын буруу болох нь тогтоогдсон ч хохирол нь төрөөс гарч буй хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, эрх мэдлээ урвуулан ашиглаж, халаа, сэлгээ хийн хэн нэгнийг хохироосон ТӨК-ийн гүйцэтгэх удирдлага өөрөө ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь энэ байдлыг улам гааруулах нэг нөхцөл болж буй мэт.
Уг нь ТӨК-уудын ТУЗ, гүйцэтгэх удирдлага, захирлуудын томилгоог улс төрөөс хараат бус байлгах шаардлагатай талаар ярьсаар таван жил болсон ч хуулийн шинэчлэл өнөөдрийг хүртэл хийгдээгүй хэвээр байна. Хөгжлийн банканд өмнө нь хууль бусаар халагдаад шүүхийн шийдвэрээр эргээд томилогдон ажиллаж байгаа хүмүүс нэг биш бий аж. Түүнчлэн З.Нарантуяагийн ажлаас халсан шийдвэрийг хууль бус хэмээн үзээд шүүхдэж байгаа хүмүүс ч байгаа ба процесс нь үргэлжилж байгааг эх сурвалж хэллээ.
Үндэсний баялгийн сан Хөгжлийн сантай байх хууль батлагдчхаад байхад Хөгжлийн банк байх шаардлагатай юу
2025 оны хагас жилийн байдлаар Монгол Улсын Хөгжлийн банкны нийт зээлийн активын 55.9 хувь буюу 892 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд хамаарч байгааг гүйцэтгэх захирал асан З.Нарантуяа ЭЗХ-ийн тухайн үеийн сайд Н.Учралд танилцуулж байв. Банкны тухай хуульд шинэчлэл хийх шаардлагатай, чанаргүй зээлүүдийн бүтцийг өөрчлөх, шинээр санхүүжилт олгох шаардлагатай зэргийг мэдээлж байв.
Гэвч 2024 оны дөрөвдүгээр сард УИХ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Байгалийн баялгийн өгөөжийг өнөөгийн болон ирээдүйн иргэддээ тэгш, шударга хүртээх зорилгоор баталсан энэ хуульд Үндэсний баялгийн сан нь гурван төрөлжсөн сантай байхаар заасны нэг нь Хөгжлийн сан. "Хөгжлийн сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан эдийн засаг, нийгмийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" хэмээн хуульд тусгажээ.
Өөрөөр хэлбэл, одоогийн Хөгжлийн банкны хийх гээд байгаа зүйлийг энэ сангаар дамжуулан хийхээр хуульчилсан гэсэн үг. Нэгэнт ийм том сан байгуулахаар шийдсэн бол Хөгжлийн банк гэсэн төрийн өмчит компани байлгаж, тэнд улс төрийн томилгоо хийх мөнгө үрдэг газар байлгах шаардлагатай юу гэдэг асуулт гарч ирж байна.
Дэлхийн банкнаас 2025 оны зургаадугаар сард танилцуулсан Монгол Улсын санхүүгийн тойм судалгаанд төрийн өмчит компаниудын үр ашгийн талаарх судалгааны хэсэгтээ "Хэрэв Монгол Улсын Хөгжлийн банкны засаглалыг үр дүнтэй, найдвартай, бат бөх бэхжүүлж, бизнесийн загвар нь урт хугацаанд амьдрах чадварыг тодорхой болгож чадахгүй бол төсвийн эрсдэлийг бууруулахын тулд Хөгжлийн банкийг хаах талаар бодох нь зүйтэй" хэмээн зөвлөжээ.
Сэтгэгдэл үлдээх
Энэ Нарантуяа угаасаа бүтэхгүй ээ. Намыэхаа сонгуулиар яаж балгаа тарилаа да
P
Дэмжих үү?
0 0